Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын шуурхай хурал өнөөдөр /2017.04.11/ хуралдлаа. Хурлын үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж, иргэдэд тодорхой мэдээлэл өгч байхыг хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгов.
Тухайлбал: Улаанбаатар хотын эмийн сангуудаас зөрүүтэй өндөр үнээр худалдаалж байгаа эмийн үнэнд уян хатан хандах талаар эмийн сангийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөх, үндэсний заавал шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жишиг үнийг шинэчлэн батлахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, Малчдад тусламжаар олгосон өвс, тэжээлийн чанар алдагдсан шалтгаан нөхцөлийг тогтоохыг Засаг даргын дэргэдэх Онцгой байдлын газрын дарга Д.Бэхбаяр, “Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалж байна” гэсэн иргэдийн гомдлын дагуу “Орхон” хүнсний дэлгүүрт хяналт шалгалтын ажил зохион байгуулахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Дуламсүрэн нарт тус тус даалгаж ирэх долоо хоногийн Шуурхай хурлаар ажлын үр дүнгээ танилцуулахыг даалгалаа.