Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Арвайхээр хотод зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, рашаан сувилалын удирдах ажилтан, их эмч нарын 110 гаруй төлөөлөгч оролцлоо.
Зөвлөгөөнөөр “Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлого чиглэл, цаашдын зорилт”, “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл”, “БОЭТ-ийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт” “Эрүүл мэндийн ажилтны хөгжлийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааны тайлан, “Эрүүл мэндийн салбарын 2016 оны санхүүгийн тайлан, 2017 оны төсвийн талаар танилцуулж, санал бодлоо хуваалцав.
“Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг 2017-2021 онд хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн төсөл, “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөө”-ний төслийг хэлэлцүүлж, 2017 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилтоо тодорхойлсон юм. Мөн 2016 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаараа тэргүүлсэн эрүүл мэндийн шилдэг байгууллагуудад шагнал гардуулж, алдаршууллаа. Үүнд: “Оны тэргүүний байгууллага”-аар Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн төв “Чанарыг эрхэмлэгч байгууллага”-аар Гучин-Ус сумын Эрүүл мэндийн төв “Эх хүүхдэд ээлтэй байгууллага”-аар Сант, Төгрөг сумын Эрүүл мэндийн төвүүд“Ёс зүй, үйлчилгээний соёлыг эрхэмлэгч байгууллага”-аар Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төв,“Шилдэг менежменттэй байгууллага”-аар “Ачтан Ирээдүй” эмнэлэг, “Дэвшилтэт технологи”-оор БОЭТ-ийн Эх, хүүхэд, төрөх эмэгтэйчүүдийн тасгийн нэвтрүүлсэн нярайд үзүүлэх “Сурфактанд” эмчилгээ, “Мэргэжлийн шилдэг баг”-аар Ю.Ичинноров ахлагчтай Лабораторийн баг тус тус шалгарсан байна. Зөвлөгөөний төгсгөлд Эрүүл мэндийн газрын дарга сумдын Засаг дарга нартай иргэдийн эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагаанд тодорхой хөрөнгө зарцуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж, дэмжиж ажиллах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.