Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт “Шатар” хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлахаар тусгасан. Энэ хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газраас “Шатар” аймгийн хөтөлбөрийг боловсруулан 2017 оны 4 сарын 19-ний өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлууллаа.
“Шатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хүүхэд, залуучууд, гэр бүлд шатар тоглох анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэхээс гадна цаашид шатрын спортоор хичээллэх хүсэл сонирхол, тэмүүллийг бий болгох улмаар ургуулан бодох, ул суурьтай үнэлэх чадвар, тэсвэр тэвчээр, оновчтой шийдвэр гаргаж чаддаг зан чанарыг өвлүүлнэ хэмээн зохион байгуулагчидүзэж байгаа юм.
Хөтөлбөр 2017-2020 он хүртэл 4 жил хэрэгжих бөгөөд сум бүр шатрын клуб, холбоотой болж, шатрын танхим, булан нээх, байгууллага бүр төлөвлөгөөндөө шатрын спортын талаар тусгаж, цэцэрлэг, сургууль бүр шатрын сургалтыг өөрийн онцлогт тохируулан хичээлийн бус цагаар зааж сургах, шатрын багш, дасгалжуулагчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, шатрын спортыг хөгжүүлж чадсан өрх гэр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, багш, дасгалжуулагчдыг алдаршуулан дэмжих зэрэг олон ажлыг зохион байгуулна.
Одоогоор аймгийн ерөнхий боловсролын30 сургууль, 35 цэцэрлэгт шатрын дугуйлан хичээллэж, 7000 гаруй хүүхэд суралцаж байгаа юм. Шатрыг боловсролын бахархал болгон зарласан 2013-2014 онд нийт 2201 хүүхэд шатрын анхан, дунд, гүнзгий шатны сургалтанд хамрагдаж байсан бол 2014-2015 онд 3655, 2015-2016 онд 7005 болж, шатар сонирхогчдын тоо эрчимтэй нэмэгджээ.
.