Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл манай аймагт 2017-2020 он хүртэл хэрэгжинэ. "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо" ТББ-аас уг төслийг Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Богд суманд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Урьд нь баруун 7 аймагт малчдын байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой үр дүн гаргасан учраас Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ туршлагыг бусад аймгуудад түгээн дэлгэрүүлэх талаар зөвлөсөн гэдгийг "Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэллээ.
Төслийн хүрээнд сонгосон сумдад бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих, сумын бэлчээрт мониторинг хийх ба малчдыг нутаг усаар нь зохион байгуулалтанд оруулж, Бэлчээр ашиглагчдын хэсэг гэж байгуулах юм. Нэг хэсэгт 30-50 өрх хамрагдах бөгөөд тэдэнд бэлчээрийн төлөв байдал, доройтол, бэлчээр ашиглалтын талаар сургалт, мэдээлэл явуулахын зэрэгцээ "Дундын сан" байгуулж, хөрөнгийн 50 хувийг төслөөс шийдэж өгөх ажээ.
“Бэлчээр юуны улмаас хэдэн хувиар өөрчлөгдчихөөд байгаа юм. Доройтсон бэлчээр нь эргээд сэргэх үү, үгүй юу. Сэргэх бол хэдэн жилийн дотор юу хийвэл сэргэх юм” гэдгийг өөрсдөө тогтоодог болох аж. Түүнчлэн түүхий эд бэлтгэн нийлүүлэлт дээрээ нэмүү өртөг шингээх замаар тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр олж, бэлчээртээ хөрөнгө зарцуулдаг тогтолцоог эхлүүлэх бөгөөд энэ дөрвөн суманд үр дүнтэй хэрэгжсэн загвараар бусад сумдуудад нэвтрүүлэх ажлыг хийх юм.