• Албан ёсны цахим хуудас
“Олон нийтийн оролцоот сургууль” дэд төсөл манай аймгийн 10 суманд хэрэгжиж байна.

Швейцарийн Хөгжлийн Агентлаг болон Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр 2015-2019 онд “Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн гол зорилго нь Нийгмийн эгэх хариуцлагын дэмжлэгтэйгээр орон нутгийн ядуурлыг бууруулах, орон нутгийн иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, чанартай үйлчилгээг хүртэх боломжоор хангагдахад оршиж байгаа юм.

Уг төслийн хүрээнд 10 аймаг, 3 дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарт дэд төсөл хэрэгжиж байна. Манай аймгийн хувьд орон нутагт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгээр “Эцэг, эхчүүдийн сургуулийн үйл ажиллагаанд оролцох оролцоо сул,  хангалтгүй байна” гэсэн асуудал хамгийн олон саналаар эрэмбэлэгдэн. Иймд энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр Үндэсний төрийн бус байгууллага болох Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран “ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТ СУРГУУЛЬ” дэд төслийг 10 сумын /Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Нарийнтээл,  Хайрхандулаан, Тарагт/ ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж байна. 

Дэд төслийн агуулга нь сум орон нутгийн олон талын төлөөллөөс бүрдсэн баг Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс боловсруулсан аргачлалын дагуу сургуулийнхаа үйлчилгээ, түншлэгч байгууллага, эцэг эхчүүдийн оролцоо, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд чанарын үнэлгээ хийж, нэн түрүүнд шийдэх, тулгамдаж буй асуудлаа нарийвчлан тодорхойлж, тодорхойлсон асуудлаа шийдэхдээ сум, орон нутгийнхаа иргэд, эцэг эхчүүдийн санаачилга, оролцоонд үндэслэн тэдний нөөцөд тулгуурлан үр дүнтэй шийдэх “сайн загвар”-ыг боловсруулан хэрэгжүүлнэ. Ингэснээр сургуулийн аливаа мэдээллүүд нээлттэй, ил тод, эцэг эхчүүдийн санал хүсэлт, дэмжлэг, оролцоо, хамтын ажиллагаа, хяналтын аливаа хэлбэрийг баяртайгаар хүлээн авдаг эхлэл бий болох юм.

 

2017-04-26 18:03:20