Өвөрхангай аймаг Франц улсын Аллиер мужтай хамтын ажиллагаа тогтоогоод 15 жил болж байна. Энэ хугацаанд эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллаж аймгийн хөгжил, дэвшилд томоохон хувь нэмрээ оруулаад байгаа юм. Жилээс жилд өргөжиж буй уг харилцаа 2017 оноос хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт үргэлжилнэ. Тодруулбал 2016 оны 11 дүгээр сард аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржоор ахлуулсан эрүүл мэнд, хөдөө аж ахуй, нийтийн хоол, аялал жуулчлал, залуучуудын салбарын төлөөлөл тус мужид айлчилж, 2017 онд хамтран ажиллах чиглэлээр тохиролцоод ирсэн.
Айлчлалын яриа хэлэлцээр хөдөө аж ахуйн салбарт биеллээ олж, Хархорин суманд 1 га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо, малын тэжээл тарих, тариалангийн талбайг хашаажуулахад загвар болохуйц ногоон хэрэм бий болгох ажлыг эхлүүлэхээр болоод байна.
Мөн энэ оны 3, 4, 6, 7 дугаар саруудад Аллиер мужаас эрүүл мэнд, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд манай аймагт ирж салбарынханд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Энэ хүрээнд тус мужийн Тулуз хотын Хөдөө аж ахуйн үндэсний дээд сургуулийн механик, инженерийн ангийн оюутан Нина Жерон Хархорин, Бат-Өлзий сумдад ажиллахаар хүрэлцэн ирээд байна.
Тэрбээр тус сумдад 4 дүгээр сарын 23-наас 9 дүгээр сарын 15 хүртэлх хугацаанд ажиллаж, судалгаа, туршилт хийн арга зүйн дэмжлэг үзүүлэх ба Бат-Өлзий суманд бяслаг үйлдвэрлэлийн туршилт явуулж, нутгийн эмэгтэйчүүдэд бяслаг хийх европ аргыг зааж өгөх юм.