Үндэсний болон орон нутгийнхаа арвин баялаг, өв уламжлал, ёс заншил, соёлын онцлог, байгалийн өвөрмөц дүр төрхийг сэргээн хамгаалах, эдийн засгийн эргэлтэнд оруулах, олон нийтэд таниулах, сурталчлах, өөрийн нөөц бололцоонд тулгуурлан соёлын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иймд“Соёлын үйлдвэрлэл” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт тусгасан. Дэд хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 509 дугаар тогтоолоор баталсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрт үндэслэн боловсруулж, өнгөрөгч баасан гарагт /2017.04.28/ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчпийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Соёлын үйлдвэрлэлийг дүрслэх урлаг, тайзны уран бүтээл, соёлын өв уламжлал, зан заншил, аялал жуулчлал гэх чиглэлд 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн ажилтнуудыг чадавхижуулах, Урчуудын эвлэлийн үйл ажиллагааг дэмжих, соёлын үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах,“Торгоны зам-Хархорин” эвент арга хэмжээний төслийг хэрэгжүүлэх зорилтыг тавьсан байна.