Нарийнтээл сумын “Тээлийн улаан ямаа”-нд үзлэг, ангилалт хийлээ. Тус суманд өсгөн үржүүлж байгаа Тээлийн улаан ямааг Алтайн улаан үүлдрийн ямаагаар сайжруулсан үржлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч, ашиг шимийн түвшинг тогтоох, мэдээллийн сан болон цөм сүрэг бүрдүүлэх зорилгоор үзлэг, ангилалт хийсэн юм.Ахмад мал зүйч С.Дүгэрсүрэнгийн удирдсан мэргэжилтнүүд 1984 оноос эхлэн ямаан сүргийг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын улаан ямаагаар сайжруулан үржлийн ажлыг явуулснаар тус суманд “Тээлийн улаан ямаа” бий болсон түүхтэй. 2013 онд Сум хөгжүүлэх сангийн 15 сая төгрөгийн санхүүжилтээр Ховд аймгийн Алтай сумын “Алтайн улаан үүлдэр”-ийн 120 ухна худалдан авч сайжруулалт хийжээ.
Энэ удаагийн үзлэг ангилалтанд нийтдээ 1300 ямаа хамруулан, шилмэл ангийн 300 гаруй эм ямааг ээмэглэж, “Алтайн улаан үүлдэр”-ээр сайжирсан 60 гаруй ухна ишгийг шилж сонгон, ухна, эм ямаа, охин борлонгоос ноолуурын дээж авч шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгууллаа. Үзлэг ангилалтын ажлыг 10 дугаар сард дахин хийж, шилмэл эм ямааг ялган суурилж, шилмэл ухнаар хээлтүүлэх ажлыг нутгийн малчидтай хамтран зохион байгуулах юм.
Цаашид 2018 оноос эхлэн “Тээлийн улаан ямаа”-ны үржлийн цөм сүрэг бий болж, аймгийн хэмжээнд дутагдаж буй хээлтүүлэгч ухныг хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.