Өвөрхангай аймаг БНХАУ-ын Гүйжөү мужийн “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвес Монголиа” компаниудтай хамтарч, Мах боловсруулах үйлдвэрийг байгуулах гэж байгаа тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан.
Тэгвэл саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлалд аймгийн Засаг дарга Г.Ганболд оролцож, дээрх талуудтай хамтран махны үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Энэ талаарх мэдээллийг аймгийн Засаг дарга Г.Ганболдоос тодрууллаа.
Мах боловсруулах үйлдвэр байгуулах ажлын явц хэр байна вэ, яагаад Хятад улсыг сонгосон юм бол?
Өмнөх жилүүдэд Өвөрхангай аймагт гадаад харилцаа хөгжиж байсан ч ихэнхдээ соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаатай байсан юм. Тиймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад харилцааг эдийн засагжуулах, аймгийн хэмжээнд ашигтай байхад онцгой анхаарах тухай заалт орсон.
Эдийн засгийн харилцаа тогтооход хамгийн ойр, үр ашигтай нь БНХАУ юм. Би өнгөрсөн жилүүдэд ИТХ-ын дарга байхдаа БНХАУ-ын Гүйжөү мужтай хамтын ажиллагаа тогтоож, махны үйлдвэр байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг тавьсны дагуу мужийнхаа дөрвөн томоохон махны үйлдвэртэй холбож өгсний нэг нь “Хай чуан” групп. Энэ групп Хятадын зах зээлд махны үйлдвэрлэл, боловсруулалт чиглэлээр тэргүүлэх байр суурьтай байдаг юм билээ.
Нөгөө талаас АНУ-ын “Жарвес Монголиа” компани нь дэлхийн махны тоног төхөөрөмжийн 85 хувийг дангаараа нийлүүлдэг, сүүлийн хэдхэн жилийн дотор Хятадад нэг мянга гаруй махны үйлдвэрийг барьсан томоохон компани юм. Энэ компани “Хай чуан” групптэй олон жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэн байна. “Жарвес Монголиа” компани өмнө нь Өвөрхангайд малын эрүүл бүс бий болгох талаар санал солилцож байсан учраас уулзалтаар таарч, гурван талын хамтарсан үйл ажиллагаа явуулах тохиролцоонд хүрсэн. Энэ асуудал Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэмжээнд яригдаж, маш богино хугацаанд буюу 3 сарын дотор тодорхой түвшинд шийдэгдээд байна. Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийх айлчлалынхаа хүрээнд 21 гэрээнд гарын үсэг зурсны нэг нь Өвөрхангай аймаг, “Жарвес Монголиа” компани, “Хай чуан” группийн хамтарсан Мах боловсруулах үйлдвэрийн гэрээ юм. Энэ дагуу хоёр улсын хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайдууд уулзалт хийж, Өвөрхангай аймагт малын эрүүл бүсийг тогтоох талаар хэлэлцээд байна.
Үйлдвэрийн үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ?
“Жаст Агро” ХХК-ийн Өвөрхангай аймагт барьсан Мах боловсруулах үйлдвэрийн барилга Төрийн банкинд 3 тэрбум төгрөгийн барьцаанд байсныг Засгийн газраас чөлөөлж, орон нутгийн өмчид шилжүүлж байна. Үйлдвэрийг өргөтгөн тоног төхөөрөмжийг шинэчилж, энэ жилдээ багтаан дулаан аргын үйлдвэрийг байгуулна. Энэ нь утсан мах, хиам, лаазалсан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болж байна гэсэн үг юм. Цаашид малын эрүүл бүсийг тогтоочихвол Хятадын зах зээл рүү нойтон мах нийлүүлэх боломжтой болно. Дулаан аргаар үйлдвэрлэсэн махыг томоохон ресторанууд хэзээ ч хэрэглэдэггүй. Хамгийн тансаг хэрэглээ бол нойтон мах гэж үздэг. Хятадын зах зээл рүү энэ компани өөрийн нэр, шошгоор гаргах учраас борлуулалтын хувьд асуудал байхгүй, мөн өртөг өндөр байх юм.
Өмнө нь монгол малын махыг эрүүл бус гэж үзэж Хятадын зах зээлд гаргадаггүй байсан. Хятадын компани өөрөө махаа боловсруулаад өөрийн зах зээлд өөрсдөө гаргаж байгаа энэ ажил Монгол Улсад анхных нь юм. Тиймээс Мах боловсруулах үйлдвэрийн ажлыг бүх түвшинд дэмжиж байгаа.
Махыг аймгийнхаа малчдаас нийлүүлнэ биз дээ?
Мэдээж, Мах боловсруулах үйлдвэр Өвөрхангайд баригдаж байгаа учраас газарзүйн байршлын хувьд ч тэр, эрүүл бүс гэдгээрээ ч манай малчдад малаа борлуулах боломж нээгдэнэ. Гэхдээ товарын малыг өдөрт хэдэн мянгаар нь тууж ирээд байх боломж гарахгүй учраас бүс нутгийн хэмжээнд ажиллана. Өвөрхангай аймаг болон манай аймгийг тойрсон 4-5 суманд Монголын нийт мал сүргийн 35 хувь нь байдаг.
Малыг эрүүл байлгах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
Манай аймгийг тойрсон бүх аймагт малын цэцэг өвчин гарсан. Бид малаа хамгаалах тал дээр тодорхой арга хэмжээ авсан. Өвлийн ид хүйтэн, 12 сард малын эмч нараа бүгдийг нь дайчлаад малаа вакцинжуулсан. Вакцинаа нэхий, хөдсөөр гэр хийж байгаад цэцэг өвчин гарсан аймгуудтай хил залгаа сумдын 70 орчим мянган малыг тарьсны хүчинд халдвар аваагүй. Малд аль болох чанартай тариа, туулга хэрэглэх тал дээр анхаарч байгаа. БНХАУ-ын Гүйжөү мужаас манай 20-40 малын эмчийг 6 сараас 1 жил хүртэл хугацаанд мал хамгаалах, эрүүлжүүлэх сургалтанд үнэгүй хамруулахаар болсон. Энэ чиглэлээр малын эмч нараа сургалтанд явуулах бодолтой байна.
Сүүлийн үед гадаадын томоохон баг, төлөөллүүд манай аймагт их ирж байна. Энэ тухайд мэдээлэл өгөөч?
Бид гадаад харилцааг хөгжүүлэхэд их анхаарч байгаа. Монгол Улсын хэмжээнд гадаадын маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. ЭСЯ-уудын дэргэд гэхэд 8-9 мянган төсөл хэрэгждэг юм байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах, татах зорилгоор Төсөл хөтөлбөрийн багийг аймагтаа байгуулсан. Үүний үр дүн түрүүчээсээ гарч байгаа. Өвөрхангайг сонирхож ирэх төслийн баг нэмэгдсээр байна.
АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дэд дарга Ариелвайкоффыг саяхан хүлээн авч уулзсан. Тус яамнаас боловсрол, соёлын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо. АНУ-д хүүхдүүдээ үнэ төлбөргүй сургах, багш нарыг урьж авчирч хичээл заалгах, соёл урлагийн тоглолтыг зохион байгуулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломжтой юм байна. Австралийн элчин сайд, Канадын элчин сайдууд манай аймагт ирж, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал солилцсон. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас шинэ цэвэрлэх байгууламж барих, Арвайхээрийн шинэ бүсэд байгуулах хаус хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох, Баянгол сум дахь инженерийн шугам сүлжээг дуусгах, Хужирт суманд цэвэрлэх байгууламж барих, Билл Гейтсийн сангаас шинэ цэвэрлэх байгууламжаа түшиглэн лаг ашиглаж, бордоо үйлдвэрлэх гээд олон асуудлыг ярьж хэлэлцэж байна.
БНАСУ-ын ЭСЯ-аас Ким Ир Сений нэрэмжит 1 дүгээр цэцэрлэгийн барилгад их завсар хийх хөрөнгө мөнгө, ажиллах хүчийг шийдвэрлэж, тус цэцэрлэгт олон жил ажиллаж байгаа хүмүүсээс Солонгос улсад аялуулах, Хятадын Ус ашиглалтын яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс цөлжилтийг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах гээд ярилцаж, шийдвэрлэж байгаа ажил олон бий.
Энэ зун Хархорин суманд “Торгоны зам” фестивалийг зохион байгуулна гэж сонссон?
“Торгоны зам-Хархорин” аялал жуулчалын фестивалийг 7 сарын 17-оос долоо хоногийн хугацаатай зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Зуны цагт Өвөрхангайгаар дайран өнгөрч байгаа жуулчдын тоо маш их байдаг. Ялангуяа Хархорин суманд жуулчид их очдог ч Эрдэнэзуугаас өөр үзэж харах юмгүй болохоор өдөртөө буцчихдаг. Очсон хүнийг хонуулах, хоносон хүнийг дахиад хонуулах зорилгоор цогц эвент арга хэмжээг явуулах юм. Тухайлбал монгол хоол, хосгүй үнэт үзмэр, Монгол үндэсний язгуур урлагийн тоглолт, шөнийн цэнгүүн, худалдааны гудамж, гүү саах, айл нүүх гэхчлэн нүүдэлчдийнахуйг харуулсан үзүүлбэрүүдийг харуулна. Хөрөнгө мөнгөний хувьд жаахан асуудалтай байгаа ч энэ жил ямар ч байсан эхлүүлнэ.
Ярилцсан Б.Батчимэг