Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна. Энэ жил тус аймагт нийт 7.0 сая гаруй мал зусаж байгаа юм.
Иймд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах замаар ажлын байр нэмэгдүүлэх, малчдын бодит орлогыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг чадавхижуулах зорилтыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.
Энэ хүрээнд өнгөрөгч 5 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийх үеэр Засгийн газар хоорондын 21 гэрээнд гарын үсэг зурсны нэг нь БНХАУ-ын Гүй жөү мужийн “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвис Монгол” компаниудтай хамтарч Өвөрхангай аймагт махны үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан.
Өнөөдөр/2017.06.21/ Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК, БНХАУ-ын “Хайжөү” компани, АНУ-ын “Жарвис Монгол” компани хамтран Өвөрхангай аймагт “Өв эко мийт” мах боловсруулах үйлдвэр, “Өв интернэшнл трэйд” мах, махан бүтээгдэхүүнийг экспортонд гаргах гадаад худалдааны компани байгуулах гэрээнд гарын үсэг зурж, мах боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, Орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Загарзүсэм, “Жарвис Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунбат, “Хай Чуан” группын ТУЗ-ийн гишүүн Ван Шианчэн нар оролцлоо.
Энэ үеэр “Жаст Агро” ХХК-ийн 2012 онд байгуулаад үйл ажиллагааг нь явуулаагүй, мах боловсруулах үйлдвэрийн барилга Төрийн банкинд 3 тэрбум төгрөгийн барьцаанд байсныг Засгийн газраас чөлөөлж, орон нутгийн өмчид шилжүүлэн өгөв.
Өмнө нь баригдсан дээрх махны үйлдвэрийг түшиглэж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан “Өв эко мийт” мах боловсруулах үйлдвэрийг барих бөгөөд АНУ-ын “Жарвис компани”-ний үйлдвэрлэсэн дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм. Тус үйлдвэрийг АНУ, БНХАУ-ын мэргэжитнүүдийн тусламжтайгаар монгол компани барьж байгуулна.
Хоногт 3000 бог мал, 1000 бод малыг боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн Өвөрхангай аймаг төдийгүй бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй, экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэж, орон нутгийн иргэд тогтмол ажлын байраар хангагдан, аймгийн төдийгүй иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үйлдвэрийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.