Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын төвд төв цэвэрлэх байгууламж барихаар боллоо. 21.17 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Азийн хөгжлийн банкны төлөөлөл, дээрх дөрвөн аймгийн Засаг дарга нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Аймгуудын төв цэвэрлэх байгууламж хамгийн хүндрэлтэй, төсөв, хөрөнгө оруулалт шаардагддаг асуудлуудын нэг байдаг. Тэгвэл энэ асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлын эхлэн ийнхүү тавигдлаа. Барилга угсралтын ажилд дотоодын компаниудыг татан оролцуулж энэ намар эхлүүлэх уг ажлыг 2019 оны сүүлээр дуусгахаар төлөвлөжээ. Төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлэх, барилгын ажлын тендерийн баримт бичиг боловсруулах, зөвлөх үйлчилгээний гэрээ болон төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулав.