Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойн баяр наадам, хангайн бүсийн "Их хурд-2017" уралдаан 07 сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, наадамчин олны хөл дарагдсан өдрүүд болж өндөрлөв.
Баяр наадмын эхний өдөр Даяар дуурсагдах дархан аварга Д.Цэрэнтогтохын хүрэл хөшөөний нээлт, шинэ автозамын нээлт, эрлийз 3 насны хурдан морьдын уралдаан, баярын хүндэтгэлийн хурал, баярын концерт болж, олон алдартнууд төрийн дээд одон болон орон нутгийн удирдлагын шагналуудын эзэн боллоо.
Наадмын эхний өдөр ойн нээлтийн арга хэмжээ болж, олон сайхан уран бүтээлчид ирж нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Мөн хүчит 128 бөхийн ойн баяр наадамд 128 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "АПУ" ХК, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Их Монголын Хүчтэн Дэвжээний бөх улсын өсөх идэр заан Төмөрбаатарын Санчир түрүүлж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, "Алтан Дорнод Монгол" компани, "Бөх Билэгт" дэвжээний бөх улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэж, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 0101 дүгээр анги, "Контейнер Хаус" компани, Их Монголын Хүчтэн Дэвжээний бөх улсын харцага Хүрэл-Очирын Гантулга, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, Өвөрхангай аймгийн цагдаагийн газар, "МАКС" групп, Их Монголын Хүчтэн Дэвжээний бөх улсын начин Батмөнхийн Сангисүрэн нар их шөвөгт шалгарлаа.
Их хурд-2017 хангайн бүсийн уралдаанд газар газрын олон шандаст хүлгүүд уралдаж, торгон жолоогоо өргүүллээ.
Баяр наадмын нээлт өргөн дэлгэр, үзүүштэй болсонд наадамчдын сэтгэл өндөр байлаа.
Ойн баяр наадмын нээлт утга төгөлдөр, түүх соёлын агууламж өндөр түвшинд бэлтгэн толилуулав.
Хангайн бүсийн Их хурд-2017 уралдаанд газар газрын олон шандаст хүлгүүд хурдаа сорилоо.
Ойн баяр наадмын азарганы уралдаан
Улсын заан Т.Санчир түрүүллээ.