• Албан ёсны цахим хуудас
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян, дайчин дархан аварга Д.Цэрэнтогтохын хөшөөний нээлт болов

    Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ойд зориулан босгосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян, дайчин дархан аварга Дашдоржийн ЦЭРЭНТОГТОХ манлайн хүрэл хөшөөний нээлтийг /2017.07.28/ хийж, Өвөрхангай аймгийн спортын төв ордныг түүний нэрэмжит болголоо. 

    Томдсон малгай, гутал өмссөн дөрвөн жаалаар хүрээлүүлж зогссон хүрэл өнгөтэй хөшөө бол улсад дөрөв түрүүлж, таван удаа үзүүрлэж, 21 удаа шөвгөрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтох агсаных. Хүү төрвөл дандаа бөх болоорой гэж билэгшээдэг монголчуудын билэгдлийг бодож, аймгийнхаа нэрийг дуурсгасан бөх олноор төрөөсэй гэж ерөөн, өвөрхангайчууд ийн дөрвөн бөх хүүгээр хүрээлэгдсэн Д.Цэрэнтогтох агсаны хөшөөг хүрэлээр цутгаж босгожээ. Дөрвөн хүүгийн хөшөөг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум буюу талийгаач аваргын төрсөн нутгаас боржин чулууг авчирч сийлсэн аж. 



Хөшөө нь 5.7 метр өндөр, суурьтай. Мөн Д.Цэрэнтогтох аваргын ид залуудаа барилдаж, улсад анх түрүүлж байсан үеийн зургийн дүр төрхөөр бүтээснээрээ онцлог юм.

2017-07-31 11:01:45