Баруун болон хангайн бүсүүдийн эрүүл мэндийн газрын албан хаагчдын спортын хоёрдугаар бага наадам манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа. “Бүс нутгаараа манлайлж нийтийн биеийн тамираар хичээллэцгээе” уриан дор зохион байгуулагдсан тус спортын бага наадамд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Увс, Завхан гэсэн долоон аймгийн эрүүл мэндийн газрын 100 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Энэ удаагийн спортын бага наадам олс таталт, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж нийт дүнгээр Архангай аймгийн баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэн боллоо. Дэд байрт Өвөрхангай аймгийн баг тамирчид шалгарсан бол гутгаар байрт Ховд аймгийн баг тамирчид тус тус шалгарч бусдыгаа манлайлсан юм.
Тус спортын бага наадмын үеэр бүс нутгийн эрүүл мэндийн газрынхан Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай биечлэн танилцаж харилцан туршлага солилцлоо. Дээрх аймгуудын эрүүл мэндийн газрынхан Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газраас хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудыг орон нутагтаа хэрэгжүүлэх туршлага хуримтлуулсан юмаа