Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийн ээлжит 6-дугаар хуралдаан үргэлжилж байна. “Бүтээлч-Өвөрхангай-2020” хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийн талаар аймгийн Засаг дарга илтгэл тавьсан юм. “Бүтээлч-Өвөрхангай-2020” хөтөлбөр нийт 73 зорилт, 306 арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байна. Малчдын орлогыг өсгөх, малын түүхий эдийн үнийн бууралтыг зогсоох зорилгоор мал аж ахуйн түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжиж ажиллав.Өдөрт 500 бог, 250 бог нядлах хүчин чадалтай махны үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүллээ. Мах экспортлох зорилготой орон нутгийн өмчит “Өв мийт продактс” ХХК-ийг байгуулж, БНХАУ-ын Хайчун групп, АНУ-ын “Жарвис Монгол” ХХК-тай хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичиг байгуулан үйлдвэрийн үйл ажиллагаанд өндөр бүтээмжтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаад зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн ноосны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөн ажиллаж байна. Тухайлбал “Ноос ирээдүй ” ХХК-ийн 6000тн ноос угаах хүчин чадалтай үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжин ажилласны үр дүнд боловсруулсан ноосоороо цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Орон нутгийн өмчит компаниудын менежмент, үйл ажиллагааг боловсронгуй болгож, үргүй зардлыг багасгах замаар үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлэв. Халуун рашаан, шаврын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор рашааны эх ундаргыг тоолууржуулж, шаврыг орон нутгийн хамгаалалтанд авлаа.Ингэснээр халуун рашаан, шаврын эмх замбараагүй хэрэглээ багасч, орон нутгийн төсөвт орох орлого нэмэгдсэн гэх мэт хэд хэдэн томоохон ажлуудын хэрэгжилтийн талаар хурлын төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм.