Аймгийн хэмжээнд 2017 оны эцсээр 5 сая 744000 мал тоолууллаа. Өнгөрөгч 2017 онд зуншлага сайнгүй байсан бөгөөд одоогийн байдлаар аймгийн 7-8 суманд цастай байна. Хунгар газраа 80-90 см зузаан, тал хээр газраа 20-30 см зузаан цастай байна. Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч байна гэж хэлж болно. Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэ-Далай , Төв аймгийн Дэлгэрхаан, Архангай аймгийн Хашаат зэрэг сумдад манай аймгийн 493 өрхийн 350 мянган орчим толгой мал оторлож байна. отрын малчдын хувьд харьцангуй өвлийг өнтэй давах боломж байгаа юм.
Аймгийн зүгээс отроор очиж байгаа сум орон нутгийн удирдлагуудтай уулзаж отрын малчдаас төлбөр хураамж авахгүй байх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тухайн оторлож буй сум орон нутагт түргэн тусламж, цагдаа, сургууль зэргийн унаа тэрэгний түлш шатахууны үнэ зэрэг зайлшгүй шаардлагатай санхүүгийн дэмжлэгүүдийг үзүүлж байгаа юмаа. Мөн Баянгол, Сант, Төгрөг сумдын нутагт отрын айлууд байна. Тухайлбал Баянгол суманд л гэхэд 290 өрхийн 200-300 мянган толгой мал өвөлжиж байна. Эдгээр отрын айлуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болоод түлээ түлшний асуудал хүндрэлтэй байгаа учир Баянтээгийн уурхайгаас малчдад түлшний дэмжлэг үзүүлж үнэ төлбөргүйгээр нүүрс тараах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Өвөлжилт хүндэрч буй сумдад эхний ээлжинд 125 тонн нүүрсийг отрын малчиддаа хүргэхээр 5 цэг байгуулсан. Манай аймагт улсын нөөцийн 3 салбар байгаа бөгөөд үүнд 1600 орчим тонн нөөц байгаа юм. мөн аймгийн өвсний фондыг улсын нөөцийн түр салбараар нээн ажиллуулж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Өвлийг өнтэй давья” хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд 40 орчим тэрбум төгрөгийг засгийн газраас төсөвлөж ААН-үүдэд зээлээр олгож, тухайн ААНэгжүүд нь ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл нийлүүлэх ажил зохион байгуулж байгаа юм. Манай аймгийн хувьд 5 компани энэхүү хөтөлбөрт хамрагдаж өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар сумдын хүсэлтийн дагуу өвөлжилт хүндэрч байгаа зарим сумдад аймгийн нөөцөөс өвс тэжээл хүргүүлэх ажлыг ирэх 7 хоногоос зохион байгуулан ажиллах гэж байна .Аймгийн Хархорин, Зүүнбаян-Улаан, Хужирт, Баян- Өндөр, Есөнзүйл, Бүрд, Өлзийт зэрэг сумд цагаан зудтай,Хайрхандулаан, Нарийнтээл зэрэг сумд харын зудтай байгаа юм. Өвлийг өнтэй даван гарахад манай малчдын зүгээс ч өөрсдийн зүгээс хийж чадах бүхий л зүйлийг хийж байгаа гэдгийг ч мөн хэлмээр байна.