Сар бүрийн эхний өдөр аймгийн удирдлагууд орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрөгч сард хийж хэрэгжүүлсэн ажлууд, ирэх сард зохион байгуулахаар төлөвлөж буй үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгдөг уламжлалтай. Тогтсон жишгийн дагуу 2018 оны 3 дугаар сарын эхний өдөр аймгийн Засаг дарга Г.Ганболд хэвлэлийнхэнтэй уулзлаа.
Тэрээр мэдээллийнхээ эхэнд “Бид жил бүрийн эхэнд ирэх оныхоо ажлыг төлөвлөж, өнгөрөгч жилийнхээ ажлыг дүгнэдэг. Энэ хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж сумд, албан байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шалгалтын дүнгээр өндөр үнэлгээ авсан сумд, байгууллагуудыг тодрууллаа. Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, сайн ажилласан хүмүүсийг аймгийн аварга ажилтнаар өргөмжилж, урамшуулсан.
Өнгөрөгч гал тахиа жил манай аймгаас улсын аварга малчин 10, аварга саальчин 1, аймгийн аварга малчин 70 төрөн гарсан. Аваргуудынхаа шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагуудын төлөөлөл сар шинийн өмнөхөн малчдын хотонд очиж гардууллаа.
Мал аж ахуйн салбарт амжилт ололт арвин байсан ч өвөлжилт, хаваржилт амаргүй байна. 2017 онд ихэнх сумдаар зуншлага сайнгүй байсан. Үүнтэй холбоотой өвөлжилт хүндэрч, олон айл өрх отор нүүдлээр явж байна. Сүүлийн үед малын хорогдол гарах хандлагатай байна. Өнөөдрийн байдлаар 54.0 мянга орчим толгой мал хорогдсон мэдээлэл байгаа юм. Хаврыг хохирол багатай давах тодорхой арга хэмжээнүүдийг аймаг, орон нутгаас авч ажиллаж байна. Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр өгч байгаа өвс, тэжээлээс гадна “Өвлийг өнтэй давъя” аяныхүрээнд өвс, тэжээлийг хөнгөлттэй үнээр борлуулах ажил үргэлжилж байна. Улсын Онцгой комиссоос аймаг дахь улсын нөөцийн фондуудад нэмэлтээр өвс, тэжээл татах ажлууд хийгдэж, өнөөдөр 480 тонн өвс, тэжээл нэмж татлаа. 1, 2 дугаар сард отрын бүс нутагт бод мал, тэрдундаа адуу олноор алдагдсан тухай мэдээлэл малчдаас ирсэн. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг отрын бүс нутагт ажиллаж, алдагдсан адууг зохион байгуулалттай эрж хайх ажлыг гүйцэтгэн 13.0 мянга орчим адууг малчдад олж өгсөн. Булган аймгийн Рашаан суманд гарсан шүлхий өвчний тархалт хүрээгээ тэлж Бүрд сумын малчин өрхийн хотонд илэрснийг цаг алдалгүй хорио цээрийн дэглэм тогтоож, вакцинжуулах замаар тархалтыг зогсоолоо” гэв.
Түүнчлэн Өнгөрөгч 1 дүгээр сард аймгийн Засаг дарга салбарын сайд нартай 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Аймагт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, орон нутагт ашигтай гэрээнүүд байгуулагдсаныг аймгийн Засаг дарга Г.Ганболд онцоллоо. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд 2018 онд манай аймагт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхийг дурдав. Тухайлбал Арвайхээр хотод 8 тэрбум төгрөгийн өртөгтэй, орчин үеийн стандартын шаардлага хангасан шинэ цэвэрлэх байгууламж баригдах бөгөөд ирэх 7 хоногт тус байгууламжийн шав тавих арга хэмжээ болно. Байгууламж ашиглалтад орсноор Арвайхээр хотод 50.0 мянган иргэн оршин суухад хүрэлцэхүйц дэд бүтэц бий болж, шинэ Арвайхээр хотын төсөл хэрэгжиж, 150 айлын хаус хорооллын ажил эхэлж, 928 хүүхдийн сургууль ашиглалтад орно. Хуучин цэвэрлэх байгууламжийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах юм. Мөн “Хүүхдийн ордон, автозам, спорт заалууд, Дэлгэрэх гол” төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын зураг төсөв хийгдэж байна. Монгол улсын Засгийн газраас өгсөн чиглэл, сайдуудтай байгуулсан гэрээний дагуу хөрөнгө оруулалтын ажлын тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний дотор зарлаж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр, Хархорин сумдын төвийн эрчим хүчний шугамыг шинэчлэх төсөл хэрэгжинэ. Зураг төсвийн ажил энэ онд хийгдэж, 2019 оноос ажил эхэлнэ.
2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Зорилтот жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг 1 дүгээр сард баталж, жилийн ажлын нээлтийн арга хэмжээг зохион байгуулсан. Зорилтот жилийн хүрээнд төрийн байгууллагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хамтын оролцоотой тэдний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд олон ажлууд хийгдэнэ. Арьс, ширний боловсруулах үйлдвэрийг энэ ондоо багтааж ашиглалтад оруулахаар зорьж байна” хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.