Өнөөдөр /2018.03.19/ Аймгийн Онцгой комисс хуралдлаа.
Арвайхээр сумын 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт Шүлхий өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 11 хонож байна. Өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллаж байгааг холбогдох албаныхан онцлов. Энэ хүрээнд голомтын болон сэжигтэй бүсэд байрлах 21 постонд нийт 143 төрийн албан хаагч ажиллаж байгаа юм.
Олон хоног хөл хорио тогтоосонтой холбогдуулан Төв захад бизнес эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг иргэдээс аймгийн Онцгой комиссын гишүүдэд захын үйл ажиллагааг хэвийн явуулах санал, хүсэлтүүд ирүүлжээ. Иргэдийн саналыг хүндэтгэн үзэж, өнөөдрийн хуралдаанаар Төв захын үйл ажиллагааг маргаашнаас буюу 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нээхээр тогтлоо. Харин мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур гэх мэт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон шийдвэр хэвээр мөрдөгдөнө.
Махны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, нөөцийн махыг нэг кг-ийг 5000 төгрөгөөр зах зээлд нийлүүлээр шийдвэрлэж, хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаанд гаргах ажлыг зохион байгуулахыг Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдоржид үүрэг болгов.
Түүнчлэн сумдын нийтийн тээврийн үйлчилгээг нээж, нэг сумаас өдөрт нэг тээврийн хэрэгсэл ирүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн дагуу голомтын бүсэд шинээр шүлхий өвчин нэмж илрээгүй тул хорио цээрийн хугацааг шүлхий өвчний голомтонд 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 28 хоног, Арвайхээрийн төв буюу сэжигтэй бүсэд хорио цээр 21 хоног үргэлжилнэ.