Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдлаа. Арвайхээр сумын 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт Шүлхий өвчин илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш 21 хонож байна. Хуулийн дагуу өвчний сэжигтэй бүсэд 21 хоног, голомтын бүсэд 28 хоног хөл хорио тогтоодог. Сэжигтэй бүс буюу Арвайхээр сумын төвийн хорио цээрийн дэглэмийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний 01:00 цагт цуцлах шийдвэрийг аймгийн Онцгой комисс гаргалаа.
Тодруулбал хот хоорондын болон орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээ, хүнсний дэлгүүр, үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станцууд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тогтсон цагийн хуваарийнхаа дагуу үйл ажиллагаа явуулж эхлэх юм.
Түүнчлэн Төв зах, түүний ойр орчим амьд мал болон малын гаралтай түүхий эд худалдан борлуулахыг хориглож, хуучнаар төв колонкийн баруун талын Түүхий эд бэлтгэн нийлүүлэх төвд худалдан борлуулахыг зөвшөөрөв.
Голомтын бүс буюу 3, 4 дүгээр багийн хорио цээрийн дэглэмийг шинээр өвчний тохиолдол илрээгүй тохиолдолд хуулийн дагуу 7 хоногийн дараа цуцална. Үүнтэй холбоотой Арвайхээр суманд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэр хэвээр үргэлжилнэ. Голомтын бүсийн айл өрхүүдэд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, голомтын бүсэд амьдардаг, Төв захад бизнес эрхэлдэг иргэдийн лангууны түрээсийг төрөөс хариуцах, банкны зээлтэй иргэдэд банкуудтай хамтарч тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга Г.Ганболд холбогдох хүмүүст үүрэг болгов.
Мөн голомтын бүсэд байгаа айл өрхүүдийн төгсөх ангийн сурагчид, төрийн байгууллагад ажилладаг иргэдэд нэгдсэн журмаар ариутгал хийж голомтын бүсээс гаргаж, ажил, сургуульдаа явах боломжийг олгохоор шийдвэр гаргалаа. Голомтын бүсээс гарсан иргэд хөл хориог цуцалтал 7 хоногийн хугацаанд гэртээ эргэж очих боломжгүй тул ах дүү, хамаатан садангийн айл өрхүүддээ түр амьдрахыг зөвлөв.
Тус өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд 170 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн Арвайхээр сумын хэмжээнд 11 мянга орчим толгой малыг вакцинжуулсан. Үүний дүнд тус суманд шүлхий өвчин нэмж илрээгүйг албаныхан хэллээ.