Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2014 оноос эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөр 2017 оноос “Оюутан цэрэг” сургалт болж өргөжин өдгөө тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт өнөө жил орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчдыг хамруулах юм.
Энэ хүрээнд тус сургалтын нээлтийн арга хэмжээг өнөөдөр Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зохион байгууллаа.
Нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд, аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Ц.Батдорж, аймгийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер хошууч Б.Өлзийбаяр, МСҮТ-ийн хүний нөөцийн менежер Д.Батсуурь, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн ерөнхий эрдмийн сургалтын багш дэслэгч Ц.Бат-Эрдэнэ, тус сургуулийн багш, сурагчид оролцлоо.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд хэлэхдээ: “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах сонгон шалгаруулалтад тэнцэж, МСҮТ-д суралцах хугацаандаа цэргийн албыг давхар хаах боломжийг өөрсдөдөө бүрдүүлж чадсанд та бүхэнд баяр хүргэе. Цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшихийг хүсэн ерөөе гэв.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдаас эрүүл мэнд, бие бялдар, сурлагийн чанараараа тэргүүлсэн 10 сурагч “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж байгаа юм. Эдгээр сурагчид “Цэргийн ерөнхий бэлтгэл”-ийн сургалтад 2018 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд өөрийн сургуульдаа хамрагдаж, дараагийн шатны сургалт буюу “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтад 2018 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид үргэлжлүүлэн алба хаана.
Цэргийн алба хаах хэлбэрт чухал шинэчлэл болсон энэхүү сургалт нь цэргийн насны оюутан залууст иргэний цэргийн үүргээ биелүүлж, суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм.