Архидалттай тэмцэхэд иргэдийн санал, санаачилгыг сонсох зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “Архидалттай тэмцэхэд иргэн таны санал” хэлэлцүүлгийг энэ оны 4 дүгээр сард багтаан бүх сумдад зохион байгуулна. Хэлэлцүүлгүүдээс гарсан иргэдийн саналыг нэгтгэж холбогдох төрийн байгууллагууд бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд хэлэлцүүлгийн гарааг Арвайхээр сумаас эхлүүлж, тус суманд үйл ажиллагаа явуулж буй архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг, Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Нямдаваа, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Лхагважав, Б.Энхтуяа, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн улсын эксперт Г.Даариймаа нар оролцлоо.
“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, аймгийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл олголтын өнөөгийн байдал, тусгай зөвшөөрлийн шинэчилсэн журмын талаар, аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй архи, согтууруулах ундаанаас хамааралтай гэмт хэрэг, зөрчлийн талаарх судалгаа, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудад тавигдах стандарт, шаардлагууд, түүнтэй холбоотойгоор хийгдэх хяналт, шалгалт, цаашид анхаарах асуудлуудын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонссон юм.
Иргэдийн зүгээс тусгай зөвшөөрлийн шинэчилсэн журамд орсон НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжилтийг хангасан байх шаардлагын талаар, долоо хоногийн “Баасан” гарагт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавихаас илүүтэй иргэд, олон нийт рүү чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг илэрхийлж байв.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС