Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирсэн даруйдаа аймгийн удирдлагуудтай уулзсан юм. Монгол Улсын Засгийн газар 2018 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгосон. Үүнтэй холбогдуулан төрийн байгууллагын бүх шатанд төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэн, хариуг нь тухай бүрт нь өгч ажиллахыг Ерөнхий сайд онцгойлон анхаарууллаа. Тус уулзалтаар аймгийн Засаг дарга Г.Ганболд аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлыг танилцуулж, орон нутаг, иргэдийн өмнө тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Тодруулбал
1. Хүүхдийн эмнэлгийг шинээр барих
Өвөрхангай аймгийн 115.6 мянган хүн амын 33.4 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг, Булган аймгийн Рашаант сумдын хүн амд хүрч үйлчилдэг бөгөөд хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг амбулаториор жилд 12042, хэвтэн эмчлүүлэх 2430, яаралтай тусламжийн үйлчилгээг 8400 хүүхдэд үзүүлж байна. Тус төвийн хүүхдийн тасаг нь 45 ортой, сард 160 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай боловч өвчлөл ихтэй үед дунджаар 195-270 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Жил ирэх бүр төрөлт нэмэгдэж, хүүхдийн өвчлөл, эмнэлэгт хандах хүүхдийн тоо ихэсч байгаа нь хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг өргөжүүлэх, шинээр хүүхдийн эмнэлгийг барих зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.
2. Орхон голын гүүрийг шинээр барих
Монгол улсын аялал жуулчлалын бүс нутаг болох Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 105 метр урттай модон гүүр нь 1971 онд ашиглалтад орж, 1993, 1997, 2004, 2009 онуудад засвар хийгдсэн. 2014 онд үерийн улмаас гүүр нуран, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр засварласан боловч шал бүрэн эвдэрч, гол тулгуур хазайж, даац авах боломжгүй болсон. Монгол орны аялал жуучлалын бүс нутаг Хүрхрээ-Архангай-Хөвсгөл, Хүрхрээ-Эрдэнэ зуу-Төвхөн хийд, Хөвсгөл-Хүрхрээ-Говь гэсэн маршрут уг гүүрээр дамжин өнгөрдөг. Жилд 35000-40000 гадаад, дотоодын аялагчид Онгоцтойн гүүрээр дамжин өнгөрдөг. Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн удаа дараагийн дүгнэлт, аймгаас орон нутагт ажилласан ажлын хэсгийн дүгнэлтүүдээр тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болох нь тогтоогдоод байна. Бат-Өлзий сумын хөдөөгийн 3 багийн 600 өрхийн 3000 гаруй иргэд, сумын төвөөс төрийн үйлчилгээ авах боломжгүй болоод байгаа. Иймд Орхон голын гүүрийг төмөр бетон гүүр болгох ажлын зураг төсөв, санхүүжилтыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
3. Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай 60 км авто замын шинэчлэлт
Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай 60 км авто замыг 1984-1993 онд ашиглалтад хүлээн авч, замын эдэлгээний нормативт хугацаа дууссан. Уг засвар хуучин асфольт бетон хучилтан дээр дан өнгөн боловсруулалт хийгдсэн хэсгүүд удалгүй эвдрэлд орж зам засварын ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулах болсон юм. Баруун чиглэлийн аймгуудын том оврын, хүнд даацын уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж, ачаа тээврийн автомашин байнга зорчин даацын хэмжээ хэтэрснээс үүдэн замын эвдрэл ихээр гарч байна. Иймд уг замд үргэлжилсэн торон хагарал, овойлт, суулт их хэмжээгээр үүссэн нь нөхөөс хийхэд үр дүн муутай байна. Иймд Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай 60 км авто замын зураг төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
4. Богд сумыг интернетийн шилэн кабельд холбох
Богд сум нь аймгийн төв Арвайхээр хотоос 197 км зайд алслагдсан, 7 баг, 1484 өрх, 5626 хүн амтай. Аймгийн хэмжээнд шилэн кабельд холбогдож, интернетийн үйлчилгээ авахгүй байгаа цорын ганц сум юм. Гучин-Ус сумаас Богд сум хүртэлх 100 километр зайд шилэн кабель татах нийт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв.
5. Хужирт сумын цэвэрлэх байгууламжийг шинээр барих
Хужирт сум нь 6751 хүн ам, 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай бөгөөд албан байгууллага, рашаан сувилал, амралтын газар, өрх айлууд цэвэр, бохир усны инженерийн шугам, цэвэрлэх байгууламжгүйн улмаас рашаан сувилал, амралтын газруудын бохир Хужирт гол руу урсан орж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Цаашид төрийн болон рашаан сувилал, үйлчилгээний байгууллагууд, гэр хорооллыг цэвэр, бохир усны шугамд холбох, ус түгээх байруудыг сүлжээнд нэгтгэх, хоногт 500 м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадал бүхий биологийн цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын 8000 метр шугамыг трассын дагуу тавих шаардлагатай байна.
6. Хархорин суманд 320 хүүхдийн сургуулийг шинээр барих
Хархорин сумын математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль нь 125 хүүхдийн хүчин чадалтай стандартын бус байранд 420 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн барилга 1982 онд ашиглалтад орж, 2008 онд урсгал засвар хийгдсэн. 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын зураг, төсөв, газрын асуудал шийдвэрлэгдсэн тул сургуулийг шинээр барих шаардлагатай байгаа юм.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд аймаг, орон нутагт тулгамдаж байгаа дээрх асуудлуудыг судлан шийдвэрлэж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд, түүнийг дагалдан яваа сайд нарт уламжлав.