Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд, Өвөрхангай аймаг дахь хуулийн байгууллагын албан хаагчид, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Тус зөвлөгөөнд оролцогчид аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шинэ санал, санаачилга гарган хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах арга замаа хамтдаа тодорхойлж, хэлэлцсэн юм.
Гэмт хэргийг гарсны дараа хэн нэгэнд арга хэмжээ авч шийтгэхээс илүүтэй түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох хууль, хяналтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах нь үр дүнтэй хэмээн зөвлөгөөнд оролцогчид онцолж байв. Энэ хүрээнд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон хуулийн байгууллагууд хууль тогтоомж сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах зорилгоор "САНАМЖ БИЧИГ" байгуулав.