• Албан ёсны цахим хуудас
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын 20-ноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллана

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны хяналт шалгалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд манай аймагт ажиллана. Өнөөдөр/2018.05.21/ аймгийн удирдлагууд шалгалтын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Г.Ганболд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ажиллах нөхцөл, боломжоор хангаж, хяналт шалгалтад өндөр ач холбогдол өгч шуурхай ажиллахыг хэлтэс, албадын удирдлагуудад үүрэг болгов.

Байгаль орчин, газар, геодези, зураг зүй, дэд бүтэц, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнс, хөдөө аж ахуй, цөмийн болон цацрагийн эрүүл мэндийн хяналтын чиглэлээр нэгдсэн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний талаар төсөл боловсруулах юм.

Улсын байцаагчид баримт бичгийг хянан үзэх, газар дээр нь хяналт шалгалт хийж, хяналтын хуудсаар эрсдэлийн үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулах, тусгайлан батлагдсан удирдамжид тусгасан аргаар тагдалт, судалгаа, хяналт-шинжилгээг гүйцэтгэнэ.Хяналт, шалгалтыг Хужирт, Хархорин, Арвайхээр, Нарийнтээл, Уянга, Бат-Өлзий сумдад зохион байгуулна.

 

 

 

2018-05-21 12:45:15