Орон нутгийн замд осол аваар гарах нь ихэсч, эрдэнэт хүний амь нас эрсдэх, гэмтэж бэртэх тохиолдол сүүлийн жилүүдэд өссөөр байна. Тухайлбал Өвөрхангай аймагт сүүлийн таван жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 89 хүн нас барж, 195 хүн гэмтсэн байна. Зөвхөн 2018 оны эхний 4 сарын байдлаар таван хүн нас барж, 12 хүн гэмтсэн статистик тоо гарчээ. Энэ нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох нөгөө талдаа зам орчны аюулгүй байдал хангагдаагүй нөхцөлд хурд тохируулаагүй зэргээс шалтгаалж байгаа юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төр засаг, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн оролцоотой тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, бусад аймгуудтай хамтран ажиллаж, бүтээлч санал санаачилга, туршлага солилцох зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газраас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” сэдэвт хангайн бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр/2018.05.22/ Арвайхээр хотод зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн А.Энхболд болон Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн тасгийн дарга, ахлах зохицуулагч нар оролцож байна.