Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт өндөр зэрэгтэй тамирчдын залуу халааг бэлтгэж, улс, бүсийн чанартай тэмцээнийг тогтмол зохион байгуулж, их спортыг хөгжүүлэх зорилтыг тусгасан. Энэ хүрээнд олимпийн наадмаас эх орондоо анхны медалийг авч ирсэн Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин, алдарт дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын нээлттэй тэмцээнийг 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгуулж байна. Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын 28 багийн 270 гаруй баг, тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөж байна.
Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин, алдарт дасгалжуулагч Чимэдбазарын Дамдиншарав 1968 оны Мехикогийн олимпоос хүрэл медаль хүртэж, эх орондоо олимпийн анхны медалийг авч ирсэн юм. Энэ онд олимпийн наадмаас Монгол хүн медаль хүртсэний 50 жилийн ойг тохиож байгаа юм.