Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 21 дүгээр тогтоолоор Хайрхандулаан сумын нутагт орших Ханхөгшин хайрханыг орон нутгийн төрийн тахилгат хайрханаар өргөмжилж, 4 жилд нэг удаа тахихаар шийдвэрлэсэн байдаг.
Энэхүү тайлга тахилгын ёслолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зуны эхэн сарын шинийн хорин нэгний билэгт сайн өдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 4-нд зохион байгуулж, "Ханхөгшин хайрхан"-аа 4 дэх удаагаа тайж тахилаа. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А. Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, сумдын удирдлагууд, нутгийн уугуул, суугуул иргэд болон зэргэлдээх сумдын иргэд, хөдөлмөрчид өргөнөөр цугларан, чуулж, сүслэн, залбирч байлаа.
Аймгийн Ганданпунцоглин хийд, Уянга сумын Ганданцэпэллин хийдийн лам хуваргууд “Ханхөгшин”-ы тахилгын судар, “Лусын сан” “Лусын сүр” тэргүүтэй номуудыг айлдсан юм.
Энэ үеэр хүчит 64 бөх барилдаж, 3 насны морьдын уралдаан болов.
Түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр Ханхөгшин уулыг 13 дугаар зуунаас эхлэн хошууны хурлын шийдвэрээр тахиж байжээ.