• Албан ёсны цахим хуудас
“Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам” сэдвээр номын дуу сонслоо

Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институт, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах арга зам” сэдэвт ажлын байран дахь богино хугацааны сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Арвайхээр хотноо зохион байгууллаа.

Иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан төрийн үйлчилгээг сайжруулах, арга зүй эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтад аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагаас 30 төрийн албан хаагч хамрагдаж, онолын мэдлэгээ баталгаажуулан, сертификат гардан авсан юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд сургалтын төгсгөлд хэлсэн үгэндээ: Шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын харицлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор  Монгол Улсын Засгийн газраас “Сахилга, дэг журмыг чангатгах тухай” албан даалгавар гаргаж, 2018 оны “Хариуцлагын жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай аймаг төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байна.

Сургалтаар олж авсан мэдлэгээрээ ажлын арга барилдаа өөрчлөлт, шинэчлэлт хийж, ажлын байрандаа өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд анхаарч ажиллаарай хэмээн захилаа.

Тус сургалтаар Иргэнд чиглэсэн төрийн үйлчилгээний ойлголт, хандлага, өргөдөл, гомдлын менежмент, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг судлах арга зүй, үйлчилгээ үзүүлэх үйл явцыг шинжлэн үйлчилгээг сайжруулах, төрийн үйлчилгээг хүргэх аргууд, үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн мэдлэг чадвар, үйлчилгээний чанарт нөлөөлөх нь зэрэг сэдвээр номын дуу сонсов.

 

 

2018-06-14 12:44:26