“Хүүхдийн хөгжил-хамгаалал”-ын жилийн хүрээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн дуу хоолойг сонсож, оролцоог хангах замаар ирээдүйн шударга иргэн болон төлөвшихөд нь оюун санааны хувьд эерэг манлайлал, нөлөөлөл үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчдын дунд “Шударга, аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо” уриан дор эссэ бичлэг, гэрэл зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт, Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан сумдын сургуулийн сурагчид идэвхтэй оролцож, сургууль тус бүрт шалгаруулалтаа хийж шалгарсан эссэ бичлэг, гэрэл зургийг газрын Хууль, эрх зүйн хэлтэст ирүүлсэн юм.
Ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан нийт 51 сурагчийн эссэ бичлэг, гэрэл зургийн бүтээл ирснээс эссэ бичлэгийн тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Цэнд, дэд байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9д ангийн сурагч Э.Эрдэнэжаргал, гуравдугаар байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Билгүүн нар тус тус шалгарав.
Гэрэл зургийн уралдааны тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10в ангийн хамт олон, дэд байранд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Ш.Бүжинлхам, гуравдугаар байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 10в ангийн Б.Алтанзул, Д.Солонго нарын гэрэл зураг тус тус шалгарлаа.