“ШУДАРГА, АЮУЛГҮЙ НИЙГЭМД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” /Тэргүүн байр/
Арвайхээр сумын ерөнхий боловсролын
2 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Цэнд
Хориннэгдүгээр зуун бол техник технологийн эрин зуун. Гайхалтай ухаалаг эрдэмтдийн ачаар өдрөөс өдөрт амьдрал илүү амархан болж, дэлхий ертөнц даяаршиж, мэдээ мэдээлэл цаг тутамд шинэчлэгдэж, бидний амьдрал техник технологийн хөгжлөөр тодорхойлогдож байна. Энэ бүх техник технологийн дэвшлийн үр шимийг хүртэгч бас хохирогч нь хүүхэд, өсвөр үеийнхэн бид болоод байна. Би амьдралын утга учрыг сайн мэдэхгүй учир нь би одоо дөнгөж 18 настай ч өнөө үеийн хүүхэд, залуучууд бидний эцэг, эхийн хүүхэд байх үеэс өөр нийгэмд сурч хүмүүжиж, төлөвшиж байгааг аав ээжийнхээ ярианаас мэдэж байна.
Өсвөр насныхан бид энэ их өндөр хөгжлийг буруу ашигласнаар гэмт хэргийн золиос болж гэнэн томоогүй насандаа амьдралын хар сүүдрийг хэзээ ч арилахааргүй үлдээх замыг өөрсдөдөө нээж байна. Сүүлийн үеийн байдлаар хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн ихэнх хувьд нь интернэт ертөнцөөс шалтгаалсан гэмт хэрэг бүртгэгдээд байгаа билээ. Үүний нэг илрэл нь үе тэнгийнхэн маань интернет орчинд буруу зүйлийг өөрсдөдөө хэвшил болгож буй нэгэн илрэл нь фейсбүүк гэх зүйлийг өдөр тутамдаа зуршил болтлоо ашиглаж байна. Өөрсдийн хувийн амьдралынхаа нууцыг фейсбүүктээ оруулж, хаана, юу хийж яваагаа цаг, минут тутамд олон нийтэд зарлаж байна. Хэдхэн лайкны төлөө нүцгэн зургаа хүртэл фейсбүүкт оруулдаг, тэр зургийг нь компьютер, утасны цаанаас хүсэл тачаалдаа нүд нь сохорсон нүгэлтнүүд шүлэнгэтэн харж байдаг. Үйлдэл бүхнээ фейсбүүктээ оруулдаг хүүхдүүдийн хувьд тэдгээр нүгэлтний гэмт хэргийн золиос болох эрсдэл хамгийн өндөр байдаг байна. Ийм гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдийг бодвол илүү ихэссэн. Үүнээс гадна санхүүгийн асуудалд орсон охид, хөвгүүд аргагүйн эрхэнд хэн нэгэн танихгүй хүний халаасанд орж, нийгмээс далд бусдын гарт тарчилж байгааг таашгүй.
Бид нэг нэгнээ худал гүтгэж, гутаан доромжилсон үйлдэл олныг харсан. Тэр тусмаа интернэт ертөнцөөс. Хэдхэн лайкны төлөө бусдыг юу ч гэж хэлж мэдэхээр хүмүүс өнөөдрийн манай нийгэмд олон болсон. Хамгийн эмзэглэмээр нь өсвөр үе бид томчуудын ухамсаргүй бусдын эрх, нэр төрд халдсан бүдүүлэг, соёлгүй үйлдлүүдийг өдөр тутамдаа харж, зарим нэг нь суралцаж байгаад харамсаж байна. Бид энэ олон бүдүүлэг үйлдлээс суралцаж дахин нэг бүдүүлэг иргэн болон төлөвших ёсгүй. Бид өөрсдийнхөө төлөө энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй.
Тиймээс хүүхэд, залуучууд бид өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө юу хийж чадах вэ? Бид энэ бүхний эсрэг юу хийж чадах вэ, бид үе тэнгийхнээ, дүү нараа гэмт хэргийн золиос болохоос хэрхэн сэргийлж чадах вэ?.
Мэдээж хүн бүхэнд хийж чадах зүйл бий. Бид бусдад үлгэр жишээ болж чадна. Үгээрээ л тайлбарлаад байхаас илүү үйлдлээрээ үзүүлэх нь хамгийн зөв арга зам. Бидний хийж чадах хамгийн эхний зүйл бол бид эхлээд өөрсдөө фейсбүүкээс татгалзах нь зүйтэй. Интернет орчин бол буруу хэрэглэвэл хүүхдүүдийн хамгийн том дайсан гэдгийг цаг минут тутамдаа санаж, бас бусдад сануулах хэрэгтэй. Эмийг зөв хэрэглэвэл тан, буруу хэрэглэвэл хор болдогтой адилаар интернэтийг ч мөн зөв хэрэглэвэл бид хувь хүнийхээ хувьд хөгжин дэвших үүд хаалгыг нээж, харин буруу хэрэглэвэл гэмт хэргийн золиос болох эрсдэл биднийг хүлээж байгааг ойлгох чухал байна. Уншигч та бүхэн нийгмийн аюулгүй байдалд ямар хамаатай юмбэ гэж бодож магадгүй. Өсвөр үеийнхэн фейсбүүк хэрэглээгээ багасгаж чадвал хүүхэд холбогдсон гэмт хэрэг, гэмт хэргийн золиос болох хүүхдүүдийн тоо багасна гэдэгт би итгэлтэй байна. Ирээдүйн лидерүүд л өрөөлийн төлөө шийдвэр гаргадаг. Хүүхэд ахуй цагаасаа шударга үнэн, нинжин сэтгэлийн талаар зөв ухамсартай болж төлөвшөөгүй хүүхэд насанд хүрээд ямар хүн болох нь тодорхой билээ.
Иймд бид шударга үнэн, ёс зүй гэдэг зүйлийг өөрсдөдөө төлөвшүүлэх ёстой. Шударга иргэн болон төлөвшиж байж бид ирээдүйн авлигагүй нийгмийг бүтээх болно. Бидний ирээдүйнхээ төлөө хийж чадах зүйл бол хувь хүнийхээ хувьд жинхэнэ хүн болох. Хүүхдийн хүмүүжилд гэр бүлээс гадна найз нөхөд чухал үүрэгтэй. Тиймээс бид найз нөхдийнхөө, үе тэнгийнхнийхээ төлөвшилд нөлөөлж чадна. Миний хувьд нэг ч гэсэн найздаа зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг эрхэмлэж байна. Шударга аюулгүй нийгэмд хүүхэд бидний оролцоо чухал.
Нийгмийг томчууд бүтээдэг ч, бид өвлөн авч явдаг. Бид сайн сайхан ирээдүйн нийгмийнхээ төлөө яг одоо өөрчлөгдөж бидний үеийн хамгийн том дайсан болоод буй фейсбүүкийн буруу хэрэглээнээс татгалзаж мөн шударга үнэн гэдэг зүйлийг ой тоондоо ухамсарлаж үг үйлдлээрээ үе тэнгийнхэн, хөөрхөн дүү нартаа үлгэр дууриалал үзүүлэх нь шударга, аюулгүй нийгэмд оруулах хувь нэмэр, ирээдүйгээ бүтээх алхам гэдгийг үе тэнгийнхэн, найз нартаа уриалж байна. Учир нь бид бол энэ улсын ирээдүй хойч!!!
ШУДАРГА, АЮУЛГҮЙ НИЙГЭМД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО /Дэд байр/
Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр
сургуулийн 9д ангийн сурагч Э.Эрдэнэжаргал
Бүх зүйл байгалиас хамааралтай гэж би хувьдаа боддог. Гэвч бүх зүйл дэлхий дээр хэзээ ч байгаагүй бололтой. Хүмүүн төрөлхтөн бид амьтны аймгаас хамгийн тэнгэрлэг, оюунлаг амьтан. Тиймээс бидэнд өөрийгөө хамгаалах, бусад ан амьтныг тэтгэх үүрэгтэй улс. Тэгтэл хүн төрөлхтөн өнөөдөр зөвхөн өөрийгөө бодож, өөрөө өөрийнхөө төлөө байгаа бүхнээ зориулж, худал, хуурмаг, атаа хорсол, эд баялаг, хөрөнгө мөнгө, материаллаг бүхний хойноос амьд амьтнаа битгий хэл төрөл нэгт хүнээ араатнаас дор зэмлэж, хар буруу санаy, хүчирхийлж доромжилж, төрүүлсэн алаг үрээ хаяж, хар сэтгэлдээ дийлдэн байж болзошгүй хаш авир гаргаж байгааг нийгмээс харж болно.
Өнгөрсөн он болон энэ онд үйлдэгдсэн хүүхдийн гэмт хэргийн судалгаанаас харахад “хулгайн гэмт хэрэг” ихэнх хувийг эзлэж байна. Яагаад хулгай их гарах болов? Үүний шалтгаан юу юм бэ? Муу нэртэй муу хаягтай болохоор орон гэргүй бяцхан багачууд буруутай юм уу? Тэд ч бас зүрх сэтгэлтэй. Ийм амьдралыг тэд сонгоогүй шүү дээ. Харах тоолондоо л тэднийг нүд үзүүрлэж, харахын муухайгаар харж, үгийн муухайгаар хэлдэг. Үнэн хэрэгтээ тэд нар бор ходоодоо тэжээх гэж яваа хүмүүс шүү дээ. Энэ нь л энэ нийгмийн хэрцгий бөгөөд эмгэнэлтэй гэмээр үнэн юм.
Бидний амьдарч буй нийгэмд энэ мэт өчнөөн олон мянган асуудлууд гарсан хэвээр л байна. Нийгэмд бидний эзлэх байр суурь өчнөөн бий. Бид өөрсдийн бодол санаа оюун ухаанд илэрч буй зүйлсийг ямарваа нэгэн хүнд чөлөөтэй илэрхийлж хэлж болох боломжтой нийгэмд амьдарч байгаа юм. Тиймээс “Монголын ирээдүй” гэх тодотголыг авсан хүүхдүүд бид бүхэн зөв хүн болон төлөвшиж, эрдэм мэдлэг, авьяас чадвараа хөгжүүлж хүчирхэг иргэн болох хэрэгтэй байх. Бидний нийгэм шударга бус өнгөний нүдээр бусдыг харж байгаа мэт байдаг. Заримдаа хэтэрхий шударга бус зүйлсүүд ч нилээдгүй гардаг нь үнэн ч энэ бүх шударга бус зүйлүүдийг өөрсдийн үедээ өвлөн авч очих ёсгүй. Тиймээс бид одооноос шударга, зөв зүйлд өөрийгөө болон найз нөхдөө сургах ёстой. Бид өөрсдөөсөө хамгийн ихээр суралцаж чадна. Бид ингэж суралцах хамгийн энгийн жишээг дурдъя.
Амьдралд гарч буй үйл явц, шударга ба шударга бус байдаг. Шударга үйл явцын жишээ нь:
- Цэвэрлэгч шалаа угааж байхад туслах эсвэл цэвэрлэгчийг хүндлэн эсрэг талын шатаар буух нь нэгээхэн жишээ.
- Маш яаралтай балны хэрэг гараад найзынхаа ч юм уу аль эсвэл ангийнхаа хүүхдийн балыг авчихлаа гэж бодъё. Мэдээж тэр хүүхэд дургүйцнэ. Тэгэхэд нь өөдөөс нь бүү уурла. Үнэн учраа хэлээд уучлалт гуй тэр хүн цааш уурлаж ч болно. Гэвч сүүлд чамайг ойлгоно.
Шударга бус үйл явцын жишээ:
- Чимээгүй байх орчин буюу номын санд чанга чанга ярих
Танил талаа ашиглан хүний байр суурийг булаах, ийм жишээний үйл явдал бидний дунд гарсаар л байдаг. Бид мэдэж байгаа хэрнээ чимээгүй л байдаг. Яагаад гэвэл бид хэлэхээс айдаг. Хэрэв хэллээ гэж бодоход ар гэр, хамаатан садан гээд хайр хүндэтгэлтэй хүмүүст нөлөөлдөг ч явдал бий. Бидний оршин амьдарч буй нийгэм гаднаа сайхан дотроо хэрцгий яг л монгол ардын зүйл үг шиг:
“Гаднаа гяланцаг
Дотроо паланцаг”. Ийм л ээдрээтэй эсвэл тайлагдашгүй нууцтай ертөнцөд бид амьдарч байна.
Амьдралд чинь тохиох хамгийн чухал хоёр өдөр бол чи дэлхийд мэндэлсэн өдөр болон яагаад төрснөө олж мэдэх өдөр юм хэмээн америкийн нэрт зохиолч “Марк Твен” хэлсэн байдаг. Иймийн учир энэ нийгэм дэлхий дээр ирээд амьдрах уу? Эсвэл амьдрахгүй явах уу? гэдэг дээр толгойгоо гашилгаж, хоосон цэцэрхэж байснаас сайн сайхан зөв амьдар. Энэхүү нийгэмд та сайн сайхан амьдарч чадаж байвал таны “Ирээдүй” гэрэлтэнэ. Ирээдүйгээ бүтээж гэгээлэг ариухан байлгаж байж л бусдад үлгэр дуурайлалтайгаар бахархагдана.
Энэ бүхний эсрэг хүүхдүүд бид хамтдаа тэмцэж дуу хоолойгоо хамтдаа нэгтгэх хэрэгтэй. Зөв зүйлийг бусдадаа уриалж, бусдынхаа буруу үйлдлийг таслан зогсоодог, хэлэх үгээ хэлчихдэг, бодсон зүйлээ зоригтойгоор хийж чаддаг, зорьсон зорилгоо биелүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй, зорилго, мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй шаргуу хөдөлмөрлөдөг үнэнч шударга иргэн болох суурь хүмүүжлийг одооноос суралцаж, төлөвших ёстой.
ШУДАРГА, АЮУЛГҮЙ НИЙГЭМД ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО /Гутгаар байр/
Арвайхээр сумын ерөнхий боловсролын
4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б. Билгүүн
Сайн байна уу?
Юуны өмнө миний өчүүхэн бодол санааг илэрхийлэх боломж олгосон та бүхэндээ баярлалаа. Энэхүү эссендээ би шударга, аюулгүй нийгмийг бүтээхэд хүүхдүүд бидэнд тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн яаж шийдвэл зохистой вэ гэдгийг өгүүлэх юм.
Бидний Монгол Улс гурван хан сая хүн амтай ч түүний гурав хуваасны нэг нь хүүхэд, ид цэцэглэн хөгжиж буй орон. Энэ нийгмийг бүрдүүлж буй хүмүүсийн гурав хуваасны нэг буюу нэг сая гаруй хүүхдийн багагүй хувь нь өнөөдөр бэлгийн, бие махбодийн, сэтгэл санааны хүчирхийлэлд аль хэдийнээ автжээ. Хүчирхийллийн шалтгаан юунд оршино вэ? Яагаад ийм зүйлүүд гарах болсон вэ? гэх асуултуудын хариулт, шалтгааныг олж мэдэхэд үнэхээр амархан байлаа.
Миний эргэн тойронд, нүдэн дээр минь ийм зүйлс өдөр бүр үйлдэгдсээр сүүлдээ энгийн үзэгдэл мэт болтлоо дасал болон хувирчээ. Үнэхээр харамсалтай . . . яагаад бидний монголчууд уур уцаартай, бусдад хүчирхийлэл үйлддэг болсон юм бол?
Шөнө болгон хөршийн зүгээс гарах хүүхдийн хашгираан, харанхуй гудамд тамхи татан шүлс цэрээ хаян, отон суух хүмүүс, айдаст автан нулимас нь цийлэгнэх хүүхдийн нүд түнэр харанхуй дахь анир чимээгүй хүчирхийллийг би хүрээлэн буй нийгмээсээ ажиглан мэдэрсэн юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл ихсэн газар авч зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоо ихэсчээ. “Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийн судалгаанаас 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт халдлагад өртөж улмаар гэр бүлийн хүчирхийлэл ихээр үйлдэгдэн газар авч байгаа нь нийгэм, дэлхий дахиныг цочроосон юм.
Ийм аймшигтай мэдээг сонссон хүүхдүүд нийгэмд оролцох байтугай гэрээсээ ч гарах чадалгүй чичрэн сууж байгаа байх. Хүүхдүүд бидэнд тулгамдаж буй асуудал үүгээр ч дуусахгүй. Сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй, чөлөөт цагаа өнгөрөөх газар байтугай гэрийнхээ ойр хавьд тоглох наадах ч алга дарам газаргүй болтлоо булаагдсан байна. Ажилгүйдэл их байгаагаас эцэг эхчүүдийн хүүхдүүддээ тавих хараа хяналт муудаж, хүүхдүүд гэмт хэрэг хийх, гэмт хэрэгт өртөгдөх нь ихсэж нийгмийг айдаст автуулсаар.
Энэ бүх зүйлийн эцэст Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт заасан “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бүрдүүлэхэд оршино” гэсэн Үндсэн хуулийн үнэ цэнэ хаана оршино вэ? Хүүхдийн халдашгүй дархан эрх хаана байна вэ? Энэ улсын ирээдүй хойч болсон хүүхдүүд бид ийм бүрэнхий, хүчирхийлэлтэй нийгэмд амьдарч болж байна уу? гэх асуултууд үлдэнэ.
Улс орны ирээдүй хойчийг бүрдүүлж, бүрэлдэн бий болгож буй хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл. Хүчирхийлэгч гэр бүлээс хүчирхийлэгчид бий болдог. Хүүхдүүд бидэнд эцэг, эхийн хайр дутна уу гэхээс илүүдэхгүй. Тийм учраас гэр бүл халуун дулаан уур амьсгалтай байж нийгэм эрүүл, аюулгүй, шударга оршино.
Хүүхдүүд бидний төлөө улс орон маань чамгүй их ажлыг хийн хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийг чангатган баталж, улмаар хүүхдийн төлөө 108 утсыг бий болгожээ. Гэвч ололт амжилт нь тийм ч сайн биш бололтой. Учир нь хүүхдүүд бидний оролцоо дутагдаж байна. Бид бүгд ирээдүйн шударга, аюулгүй, нийгмийг бий болгохын тулд нийгэмдээ оролцож, дуу хоолойгоо илэрхийлж, өөрсдийн эрхээ эдлэх хэрэгтэй.
Манай аймгийн хувьд энэ жилийг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан нь биднийг хөгжиж дэвших өөрсдийнхөө төлөө нийггэмд оролцох маш том боломжийг нээж өгсөн юм. Миний бодлоор хүүхдүүдийн дунд “Хүчирхийллийн эсрэг давхраажилт” аяныг зарлан хүүхдүүдийг уриалан оролцох нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Хүүхдүүд өөрсдөө нэгдэн дуу хоолойгоо нийгэмдээ хүргэснээр өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээн хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэн мөн ирээдүйн төрдөө оролцоотой иргэн болж төлөвших нь бидний гарц шийдэл юм.
Найзуудаа:
Бид биш бол хэн?
Одоо биш бол хэзээ?