Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноогоор 800 оноо авсан, улсын төрөлжсөн олимпиадад эхний гурван байрыг эзэлсэн 9 сурагчид тус бүр нэг сая төгрөгийн батламжийг гардууллаа. Аймгийн ИТХ-аас зарласан “Хүүхэд хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамж гарч, дээрх болзлыг хангасан хүүхдүүдийг шагнан урамшуулах журмыг баталсан юм.
Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг дарга Г.Ганболд, БСУГ-ын дарга Ж.Пүрэвсүрэн нар сурлагаараа манлайлсан эдгээр хүүхдүүддээ баяр хүргэн амжилт хүсч, сонгосон мэргэжилдээ тууштай, идэвх зүтгэлтэй суралцан аймаг орон нутагтаа бүтээлч, элгэмсэг иргэн болохыг хүсэн ерөөв.
Энэ жил аймгийн хэмжээнд 1626 хүүхэд ЭЕШ өгч, их, дээд сургуульд элсэн суралцах хэмжээст оноогоор тэргүүлэх хэмжээнд явж байна. Аймгийн Боловсролын салбар уг амжилтыг сүүлийн 10 гаруй жилийн туршид хадгалж байгаа аж.