• Албан ёсны цахим хуудас
Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болж, Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэхээр шийдвэрлэв.


ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэгтэй тохиролцсоны дагуу 2018 оны Улсын төсөвт төрийн албан хаагчдад олгохоор батлагдсан урамшууллын эх үүсвэрт багтаан төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр өнөөдөр Засгийн газраас шийдвэрлэлээ

Багш эмч нарын албан тушаалын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар  нэмэгдүүллээ.

Харин эрүүл мэнд боловсролын салбарын албан хаагчдын цалинг ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ-тай хамтран явуулсан ажлын байрны үнэлгээнд үндэслэн тогтоосон байна. Ажлын байран дахь ажлын ачаалал өндөр, уртасгасан цагаар ажилладаг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл зэргийг нь харгалзан бага ангийн болон цэцэрлэгийн багш, эмнэлгийн сувилагч нарын албан тушаалын зэрэглэлийг 1-2 зэрэглэлээр ахиулж, цалинг 12,3-30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болов.

Соёл урлагийн салбарын ажилчдын хувьд цалин хөлс бусдаас харьцангуй доогуур байгаа учир салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн төрийн үйлчилгээний бусад ажилчдын төвшинд хүргэж цалинг 14-30 хүртэл хувиар өсгөхөөр болов.

Энэ удаагийн цалингийн нэмэгдэлд Төрийн албаны удирдах албан  тушаалтнууд, төрийн өндөр болон улстөрийн албан тушаалтан, шүүх, прокурорын албан хаагчид хамрагдахгүй.

Цалин нэмэгдүүлэх энэхүү арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92,4 хувь буюу 173,1 мянга нь хамрагдах бол тэдний 145 мянга нь 8 хувь, үлдсэн 28,200 нь албан тушаалын зэрэглэл, ажлын байрны үнэлгээ зэргээс шалтгаалан 30 хүртэл хувиар цалингаа нэмэгдүүлж авах юм.

Эх сурвалж: zasag.mn

 

2018-08-22 18:40:31