Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан аймгийн “Багш нарын бага хурал”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хурлаар өнгөрөгч оныхоо дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хэлэлцэн, алдаа оноог ярилцаж, ирэх хичээлийн жилийн зорилго, зорилт, анхаарч ажиллах чиглэлээ тодорхойлж байна.
“Багш нарын бага хурал”-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар оролцож ирэх хичээлийн жилд анхаарах шаардлагатай зарим асуудлыг багш нарт хэлж, санал солилцсон юм.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд энэ үеэр хэлсэн үгэндээ: "Манай аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд тогтмол 1-2 дугаар байрыг эзэлж байгаа. Гэвч 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Өвөрхангай аймаг улсад 3 дугаар байр эзэлсэн нь өмнөх амжилтуудаасаа нэг алхам ухарсан хэмээн үзэж байна. Тиймээс өнөөдрийн хурлаар сургалтын үнэлгээ буурахад сургалтын орчин нөхцөл, заах арга зүй, сургалтын хэлбэр, сургуулийн удирдлага, багш нарын ур чадвар зэрэг хүчин зүйлүүдийн алинаас хамаарч байгааг сайтар хэлэлцэж, 2018-2019 оны хичээлийн жилийн зорилтуудаа оновчтой тодорхойлохыг үүрэг болгов. Хэдийгээр манай аймгийн хувьд бусад аймагтай харьцуулахад анги дүүргэлт өндөр, ажлын ачаалал их гэдгийг ойлгож байгаа ч удаа дараа сүүлийн байр эзэлж байгаа сургуулийн удирдлага, багш нарт хариуцлага тооцохгүйгээр цаашаа алхах боломжгүй гэдгийг Засаг дарга мэдэгдэв.
Аймаг, орон нутгаас сургалтын орчныг сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд 2018 оны нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Тиймээс сургууль, багшийн зүгээс хийх ёстой ажлаа идэвхтэй, сэтгэлтэй хийх шаардлагатай байгааг санууллаа. Багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, оновчтой бодлогоор хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газрынханд үүрэг болгоод орон нутгийн Засаг захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар бүгд сэтгэл зүтгэл гарган ажиллавал хүүхдүүдийн маань сурлагын амжилт тогтвортой байна” хэмээлээ.