• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг дарга Г.Ганболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ямар ч цаг үе дэмжин ажиллана

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 дугаар бага хурал”-ыг 2 өдрийн турш зохион байгууллаа. 
Бага хурлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-ны, бүтэц зохион байгуулалт, дагаж мөрдөх дүрмийг шинэчлэн байгуулсан юм. Тус арга хэмжээнд  19 сумын нийт 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ: “Дэлхийн альч улс орны төр засгийн зайлшгүй анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллах ёстой бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Өөрийн чадамжид зохицсон хөдөлмөр эрхлэхээр төслөө бичин биднийг зорих хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ аймаг, орон нутгийн зүгээс дэмжин ажиллахад бэлэн байна. Цаашид бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай цэцэрлэгийг өргөтгөх, шинээр баригдах Хүүхэд ордонд тусгай бүлгийн хүүхдүүдэд зориулсан дугуйлан секц хичээллүүлэх, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн хамт олонтой хамтран ажиллах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ямар ч цаг үед дэмжин ажиллах болно. Тэдэн рүү чиглэсэн тодорхой бодлого шийдвэрийг гарган ажиллана” гэлээ.

Өвөрхангай аймаг 115.000 гаруй хүн амтай түүнээс хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Бүтээлч Өвөрхангай” үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилтууд тусгагдсан. Энэ хүрээнд 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөгжлийн байрыг засварлаж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг эрүүл хүүхдийн адил тэгш хөгжүүлэх зорилгоор “Адил боломж” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бага хурлыг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн, Солонгос Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Чин Хүслэн” тоглолтууд зохион байгуулагдлаа.

 

 

 

2018-08-30 11:21:52