• Албан ёсны цахим хуудас
2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 1360, сургуулийн өмнөх боловролын байгууллагын хүчин чадал 350 суудлаар нэмэгдэнэ

Зуны гурван сар нам гүмхэн байсан сургууль, цэцэрлэг өнөөдөр нойрноосоо сэрлээ. Есдүгээр сарын нэгэний өдрийг хоног тоолон хүлээж байсан хүүхэд, багачууд маань эрдмийн их өргөөндөө хуран цугларч хичээлийн шинэ жилийн нээлтэндээ баяр хөөр дүүрэн хүрэлцэн ирж байна. 2018-2019 оны хичээлийн жилд Өвөрхангай аймагт ерөнхий боловсролын 30 сургуульд 22000 гаруй хүүхэд, төрийн өмчийн 39, хувийн дөрвөн цэцэрлэгт 10000 гаруй багачууд суралцаж, эдгээрт нийт 2800 гаруй сурган хүмүүжүүлэгч ажиллана. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 2800 хүүхэд элсэн орж байгаа юм. Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нар оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүссэн юм.

Хүүхэд багачуудыг ая тухтай орчин нөхцөлд суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд 928 хүүхдийн сургууль, Уянга сумын Жаргалант багт 120 хүүхдийн сургууль, Богд суманд 320 хүүхдийн сургууль, Арвайхээр сумын 9 дүгээр багт 150 хүүхдийн цэцэрлэг,  Богд суманд 75 хүүхдийн цэцэрлэг,  Сант суманд 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга тус тус барьж байгуулж байна. Дээрх сургууль цэцэрлэгүүд ашишлалтад орсноор ерөнхий боловсролын сургуулийн хүчин чадал 1360, сургуулийн өмнөх боловролын байгууллагын хүчин чадал 350 суудлаар нэмэгдэнэ.

 

2018-09-03 12:07:57