Өнөөдөр аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын удирдлагуудын ээлжит шуурхай хурал боллоо. Энэхүү хурлаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 7032-1111 тоот утсанд төрийн үйлчилгээ, албан хаагчдын ёс зүйтэй холбоотой иргэдээс ирсэн санал, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэж, аймаг, орон нутгийн цаг үеийн ажилтай холбоотой үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгдөг билээ. Өнгөрөгч 7 хоногт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 49 иргэн хандаж, 6 иргэн мэдээлэл авч, 43 иргэн гомдол гаргасан байна. Өнөөдрийн байдлаар 36 иргэний өргөдөл, гомдлыг шийдвэрлэгджээ. Иргэдийн дийлэнх санал гомдол, тэдний ажиллаж амьдрах орчин, нөхцөлтэй холбоотойгоор Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газарт хаяглагджээ. Тухайлбал “Төв” захын автозогсоолыг цэгцлэх, ил задгай хаясан хог хаягдлыг цэвэрлэх, золбин нохдыг устгах, нийтийн тээврийн үйлчилгээг хуваарийн дагуу тогтмол явахад нь хяналт тавих зэрэг асуудлыг тавьсан байна. Мөн зарим суманд архидалт их байгаа талаар, тэтгэвэртээ гарсан хэрнээ багшилж байгаа сургууль, цэцэрлэгийн багш нарт арга хэмжээ авч ажиллах тухай иргэд санал, гомдлоо илэрхийлжээ.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд иргэдийн санал, гомдолтой танилцаад сумдын цагдаагийн алба хаагчдын ажлыг эрчимжүүлэх, иргэдээс санал, гомдол гаргаж байгаа сумд, албан байгууллагууд руу тусгайлсан арга хэмжээ авах төлөвлөгөө гаргаж ажиллах, сотуурлын түвшин тогтоох хэмжих хэрэгсэлтэй сумдын судалгааг гаргахыг аймгийн Цагдаагийн газрын дарга О.Ганбат-д үүрэг болгов.
Өндөр настны тэтгэвэртээ гарсан хэрнээ сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш нарын асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэнд даалгалаа. Тухайн багш нарыг ажлаас нь чөлөөлөөгүй сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг сануулав. Мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, ажил хайж байгаа олон багш нар байгаа тэдэнд ажлын байрыг нь чөлөөлж өгөх хэрэгтэй гэв.
Аймгийн Засаг дарга иргэдээс ирсэн санал, гомдлыг шийдвэрлэхэд санаачилгатай ажиллаж, албан хаагчдынхаа харилцаа хандлага, ёс зүйд анхаарлаа хандуулж, үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллахыг хэлтэс, албадын дарга нарт үүрэг болгов.