Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны А/504 дугаар захирамжаар “Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага" аян 2018 оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдаж байгаа билээ.
Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх албан хаагчдыг хариуцлагажуулах зорилготой тус аяны туг аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүртэл өртөөлнө.
Дээрх хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд архины хор хөнөөлийг танин мэдүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх 12 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн ЗДТГ-ын албан хаагчдын ээлжит шуурхай хурлыг хуралдуулж төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хугацаанд нь хариуцлагатай хийж гүйцэтгэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд холбогдох хэлтэс, албан хаагчдад үүрэг болгов.
Архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлд аймгийн ЗДТГ-аас өдөр бүр 2-3 албан хаагч Цагдаагийн алба хаагчидтай хамтран хуваарийн дагуу ажиллаж байна.