Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Бүтээлч Өвөрхангай-2020” үйл ажиллагааны хөтөлбөрт “Архидалтгүй Өвөрхангай” шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Тус хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, архидалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн согтууруулах ундааны хэрэглээг бууруулахын тулд “Архидалтгүй нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллага” аяныг аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлүүлээд байна.
Аяны туг аймгийн Засаг даргын Тамгын газарт 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдөр хүртэл аялах юм. Аяны хугацаанд аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд архины хор хөнөөлийг танин мэдүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2018.09.20/ байгууллагын төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ёс зүй, дэг журам, сахилга хариуцлагын баталгаанд гарын үсэг зурлаа.
Энэхүү Баталгаанд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажлын цагийг цалгардуулж, хийдүүлэхгүй, бүтээмжээ нэмэгдүүлж, аливаа хууль бус дарамт шахалтад автахгүй, үйлдэхгүй, албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхаа илэрхийлж байгууллагын ёс зүйн хороонд Баталгаа гаргаж, гарын үсэг зурлаа. Хэрвээ баталгаанаасаа няцвал байгууллагын ёс зүйг хороо, эрх бүхий албан тушаалтны өмнө хууль, дотоод журмын дагуу хариуцлага хүлээх юм.