• Албан ёсны цахим хуудас
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн форум Арвайхээр хотноо зохион байгуулагдаж байна

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бид өөрчлөгчид” нөлөөллийн арга хэмжээ “Өнөөдөр нөлөөлж маргаашийг өөрчилцгөөе” уриатайгаар өнөөдөр/2018.09.28/ Арвайхээр хотноо зохион байгуулагдаж байна. Форумд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн О.Жаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга С.Ундрах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Энх-Амар, аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал С.Санчир, Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор болон холбогдох албаны хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 60 гаруй иргэн оролцож байна.

Уг форумын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш оролцох, хөдөлмөрлөх эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээг хүндрэлгүйгээр авах боломжийг хэрхэн хангах талаар талууд санал солилцож байна.

Тус арга хэмжээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Флом-Монгол олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллагад аймгийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цомыг гардуулж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, форумд оролцогчид хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийгэмд эерэг хандлагыг түгээхэд уриалж флашмоб бүжгийг хийх юм.  

 

2018-09-28 12:11:10