• Албан ёсны цахим хуудас
Төрийн албан хаагчийн манлайлал, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай аймгийн Засаг даргын албан даалгавар гарлаа

Монгол улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчийн манлайлал, ажлын хариуцлагыг өндөржүүлэх тухай” аймгийн Засаг даргын албан даалгавар гарлаа.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудын удирдлага, төрийн нийт албан хаагчдад хандаж гаргасан энэхүү албан даалгаварт

Байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах бичиг баримтын нэр төрлийг цөөлөх, хялбаршуулах, цахимжуулах, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, Төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор ажлын цагаар байгууллагын интернет ашиглан олон нийтийн сүлжээ /facebook, Youtube, Twitter, Steam, Instagram гэх мэт/-нд нэвтрэхийг хориглох, Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд улирал бүр дүн шинжилгээ хийж, асуудлын мөн чанарыг судалж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч, дутагдал гаргасан албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцох, Иргэдийг сум, аймаг, нийслэл рүү удаа дараа явуулж, чирэгдэл учруулсан нь төрийн албан хаагчийн буруугаас гэдэг нь тогтоогдсон бол замын зардлыг тухайн албан хаагчаар нөхөн төлүүлэх, Төрийн байгууллагууд камерын хяналтын системийг бүрэн ашиглаж, ажлын байрны эмх цэгц, дэг журмыг чангатгах, цалин, урамшууллыг ажлын бүтээмж, цахим цаг бүртгэл, иргэдэд үзүүлсэн үйлчилгээний чанартай нь уялдуулан олгодог байх  

 Төрийн албан хаагч бүр манлайлагч, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээгээр ажилдаа хандах, иргэдийг үнэн зөв мэдээллээр зөвлөн чиглүүлэх, мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх зарчмуудыг нэн тэргүүнд баримтлан ажиллах, Төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, ажлын байр, байгууллагын гаднах орчин, албан хэрэгцээний унаанд болон албан үүргээ гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа хэрэглэх явдал гаргахгүй байх, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхийг тусгажээ.

Албан даалгаврыг олон нийтэд сурталчлах, төрийн албан хаагчдын үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээнд тусган, албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ гол үзүүлэлт болгон дүгнэж байхыг Сумдын Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт үүрэг болгожээ.

 

2018-10-04 15:05:45