• Албан ёсны цахим хуудас
“Хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-д 500 гаруй эмэгтэй оролцож, аймгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төсөлд саналаа өгөв

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг тусгасан. Тус бодлогын баримт бичгийн төслийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар боловсруулж байгаа юм. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийг ажил, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудыг сонсох, хөтөлбөрийн төсөлд тэдний санал бодлыг тусгах зорилгоор “Аймгийн хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ыг өнөөдөр Арвайхээр хотноо зохион байгууллаа. Энэхүү форумд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, холбогдох албаны төлөөллүүд, хөдөө сумдаас 200, аймгийн төвөөс 300 гаруй эмэгтэй оролцов.

 УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг манай улсад 1.2 сая гаруй эмэгтэй ажил, хөдөлмөр эрхэлж байгаагийн 50 хувь нь худалдаа, бизнесийн салбарт ажиллаж байна. Эмэгтэйчүүд маань эрхэлсэн ажлаасаа гадна гэр бүл, үр хүүхдэдээ цаг зав, анхаарал халамжаа хандуулж амьдралд томоохон ачаа үүрч байдаг. Өвөрхангай аймаг эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжиж, түүндээ өөрсдийнх нь санал бодлыг тусгаж байгаад талархаж байна гэв.

 

Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ: Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж чамлахааргүй үр дүн гаргахын төлөө чармайн ажиллаж байна. Манай аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тиймээс бусад салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутагт шаардлагатай, импортыг орлосон  бизнес, жижиг дунд үйлдвэрүүдийг орон нутгаас дэмжиж ажиллана. Хөтөлбөр даруй батлагдчихвал ирэх оны ОНХС, орон нутгийн төсөвт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн тодорхой хэмжээний хөнгөлттэй зээлийн хөрөнгө, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгийг тавьж өгөх боломж байгаа гэлээ.

Энэхүү форумыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, аймгийн Нийгмийн Адчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран зохион байгуулав.

 

 

 

2018-10-09 18:26:02