БСШУСайдын тушаал, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2012 оны А/15 захирамжаар зохион байгуулсан Музейн үндсэн сан хөмрөг, үзмэр, эд зүйлийг тоолох ажил дуусч, ажлын хэсгээс тооллогын үр дүнгийн мэдээллийг аймгийн Засаг даргад танилцууллаа.
Уг ажлын хүрээнд аймгийн Музейн үндсэн сан хөмрөг, Үзүүллэгийн танхим дахь үзмэр, Занабазар музей, Шанх, Төвхөний хийдийн шүтээн, эд өлгийн зүйлс, сумдын Орон нутаг судлах танхимын эд зүйлсийг тоолж, тооллоготой холбоотой албан бичгийг Соёл урлагийн хороо, Эрүүгийн цагдаагийн газар, Хархорин, Бат-Өлзий сумын Засаг даргад хүргүүлсэн байна. Тооллогын дүнд аймгийн Төв музейд 1200 дэсийн 2374 ширхэг, үндсэн сан хөмрөгт 1063 дэсийн 1918 ширхэг, туслах санд 137 дэсийн 456 ширхэг эд өлгийн зүйл байсан бол сумдын Орон нутаг судлах танхимд 1149 жирийн үзмэр, 69 палеонтологийн, 60 археологийн, 209 урлаг, уран сайхны, 402 угсаатан зүйн, 303 байгалийн, 106 шашны өв соёлын зүйлс, Төвхөн хийдэд 172 дэсийн 229, Шанхын хийдэд 671 дэсийн 3688 ширхэг эд зүйл тоологдсон байна. Тооллогын үеэр Шанхын хийдээс 4 бурхан алдагдсан, хосгүй үзмэр болох Богд хааны төрийн туг бүртгэлийн хувьд маргаантай байгаа, Тарагт сумын ОНСТанхимаас Агь үйзэн гүний хошууны тамга алдагдсан гэх зүйлүүд илэрчээ.
Цаашид сумдын Орон нутаг судлах танхимын үзмэд, эд өлгийн зүйлсийг нэмэгдүүлэх, ард иргэдийн гар дээрхи түүх соёлын өвийг Орон нутаг судлах танхимд нийлүүлэх, эрэл хайгуул хийх, дохиолол хамгаалалтын системийг сайжруулах, компъютер тоног төхөөрөмжөөр хангах, соёлын өвийн судалгааг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө суулгах саналыг ажлын хэсгээс тавьлаа.