Аймгийн Засаг даргын “Бүтээлч Өвөрхангай” хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Арвайхээр хотын төвд байрлалтай ашиглагдахгүй олон жил болсон барилгыг /хуучнаар 100 хүний гуанз/ орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинэчлэн засварлаж “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгууллаа. Тус төвийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, иргэдэд төрийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн дарга Б.Анхтуяа бусад төрийн байгууллагуудын удирдлагууд, иргэд өргөнөөр оролцлоо.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлсэн үгэндээ: “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулснаар иргэд маань төрөөс үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрдлээ. Энэхүү төвд ажиллаж байгаа төрийн албан хаагчид иргэдийг найрсаг хүлээн авч, түргэн, шуурхай үйлчилж тэдний итгэлийг хүлээж ажиллахыг хүсье” хэмээн онцолсон юм.
“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д
Нийгмийн халамж
Хөдөлмөр эрхлэлт
Иргэний бүртгэл
Эрүүл мэндийн даатгал
Нийгмийн даатгал
Газар өмчлөл
Газар эзэмшил
Татвар
Төрийн банк
Аймаг дахь хүний эрхийн ажилтан
Автотээврийн тасалбарын касс
Шуудан үйлчилгээ
Цахилгааны төлбөр хураамж нийт 20 гаруй төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлнэ.
Мөн иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авах 7032-1111 нээлттэй утас, хяналтын камерын нэгдсэн систем тус төвд ажиллана. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” аймгийн Цагдаагийн газрын баруун талд байрлаж байна.