Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.
Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулж явуулна. (Журмыг энд дарж үзнэ үү.)
Нэг. Нэр дэвшигчид тавигдах шаардлага
Сонгон шалгаруулалтад оролцохоор хүсэлт гаргах төрийн албан хаагч хууль, тогтоомжийн дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн;
- Дээд боловсролтой;
- Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан;
- Төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн;
- Ял шийтгүүлж байгаагүй;
- Сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй;
- Сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг
Сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай бичгээр гаргасан хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувийн хамт;
- Төрсний гэрчилгээ түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
- Их, дээд сургууль төгссөн гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт;
- Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг баталгаажуулсан гэрчилгээ, эх хувийн хамт;
- Төрийн албан тухай хууль болон Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасан Төрийн албаны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, ур чадвар нэг бүрийг хэрхэн хангасан талаар гаргасан тайлбар, нотлох баримт; (ур чадварыг эзэмшсэн тухай тайлбарт төрийн албанд ажиллахдаа журамд заасан ур чадваруудыг ашиглан тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, улмаар ямар үр дүнд хүрсэн талаар тодорхой баримттай тусгана.)
- Төрийн албатай холбоотой судалгааны ажил, эрдэм шинжилгээний болон бусад бүтээлийн жагсаалт (нотлох эх сурвалжийг заасан байх).
Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын XI байрны 302 тоот өрөөнд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00-17:30 цагийн хооронд хүлээн авах ба бүртгэл Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын дагуу явагдана.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ
Холбоо барих утас: 51-263317