Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж 2018 оныг “Хариуцлагын жил”болгон зохион байгуулсан ажлын үр дүн, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлах тухай, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнгийн талаар хэлэлцэв.
Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна бүх дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо. “Иргэн төвтэй үйлчилгээний жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг эрхлэх ажлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, ажлын тайланг улирал тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, арга хэмжээний хэрэгжилтийн явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарт даалгав.
Эх сурвалж: Zasag.mn