“Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн нээлтийн арга хэмжээг энэ сарын 28-ны өдөр Арвайхээр хотноо зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймаг, сумдын удирдлагууд, иргэд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл өргөнөөр оролцлоо.
Өвөрхангай аймаг иргэд, орон нутгийнхаа өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлыг иргэдийн оролцоотой тодорхойлж, тухайн салбар руу хөрөнгө мөнгө зарцуулж, хүн хүч дайчилж, бодитой үр дүн гаргахыг зорьж ажилладаг юм.
Энэ жилийн хувьд иргэдээс амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, зам талбайг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг олноор бий болгох саналууд давамгайлж ирсэнтэй уялдууж, иргэдийн эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас 2019 оныг “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгох саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж дэмжигдсэн билээ.
Зорилтот жилийн ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хороог аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй, түүнд туслах чиг үүрэг бүхий Дэд хороог аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Баясгалангаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулаад байна.
Мөн сум бүрт зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдах юм.
Зорилтот жилийн хүрээнд сумдын тохижилт, ногоон байгууламжийг төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой нэмэгдүүлж, бүтээлч ажлуудыг өрнүүлж, хамтдаа эрүүл, ая тухтай орчин нөхцөлийг бий болгохоор зорьж байна.
Арвайхээр хотоос зайтай малчны хороолол байгуулж, хотын төвөөс мал амьтныг гаргах, нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, автобусны буудлуудыг шинэчлэх, зам талбайг нэмэгдүүлэх, Дэлгэрэх гол төслийг үргэлжлүүлж иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүс бий болгох, Шинэ-Арвайхээр төслийн хүрээнд хаус хорооллыг бий болгох, Усан спорт цогцолбор барих гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч олны хүчийг дайчилна. Ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэдийн төлөөллийг тохижилт, ногоон байгууламжаар туршлагатай аймаг, хотуудаар туршлага судлуулна. Цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, энэ чиглэлрүү ажиллах хүсэлтэй хувийн хэвшлийн байгууллагыг дэмжиж ажиллана. Зорилтот жилээр идэвх санаачилгатай, ажиллаж, бүтээлч ажлуудыг өрнүүлсэн Шилдэг сум, байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг оны төгсгөлд шалгаруулна.