• Албан ёсны цахим хуудас
Аймгийн удирдлагууд орон нутгийн цаг үеийн ажлын талаар мэдээлэл өгөв

 Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар сар бүрийн эхний өдөр орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, өнгөрөгч сард хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл өгч, ирэх сард хийхээр төлөвлөгдөж буй ажил, арга хэмжээг танилцуулдаг. Тус уулзалт өнөөдөр болж аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

2019 он гарсаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан нэг удаа хуралдаж, 9 асуудлыг хэлэлцжээ. “Аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн биелэлттэй холбоотой мэдээллийг ИТХ-ын дарга А.Ишдорж сэтгүүлчдэд онцлон хүргэлээ. Тухайлбал, малчин өрх бүрт малын эрүүл мэндийн дэвтэр байх ба малын эмч үзлэг, тарилгаа тухайн дэвтэрт бүртгэж, баталгаажуулж байх ёстой. Гэвч зарим сумдад нийт малчдын 26-хан хувьд нь энэ дэвтэр байгаа нь хангалтгүй үзүүлэлт болохыг тэрээр хэлэв. Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Мал эмнэлгийн албанд тодорхой үүрэг өгсөн байна.

Аймгийн Засаг дарга Г.Ганболд: “Нэгдүгээр сард бид өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, ирэх оныхоо зорилтыг тодорхойлдог. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн оныхоо ажлуудыг дүгнэж, улс, аймгийн аварга малчид, тариаланчид, шилдэг тэргүүний байгууллага, хамт олон, сум, баг, аварга ажилчдыг шалгаруулан шагналаа. Салбарын сайдуудтай 2019 онд хамтарч ажиллах гэрээг үзгэлж, сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, үүрэг чиглэл өглөө. Мөн “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлын хаалт, “Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, 2019 оны зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг гаргаж, хөрөнгө оруулалтын 20 гаруй ажлын зураг төсөв шалгаруулах тендерийг зарлаад байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд харъяа нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулахыг Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зүгээс аймгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгсний дагуу аймаг, орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаад байгаа ба иргэнд чирэгдэл учруулсан асуудлыг шийдэхэд онцгой анхаарсан жил байх болно” хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэв.

Богд сум түмэн тэмээтэй болсон. Тэмээний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, түүнийг аялал жуулчлалын эвент арга хэмжээ болгох зорилгоор Арвайхээр хот болон Богд суманд “Тэмээчдийн баяр”-ыг зохион байгуулж, ард иргэд өргөнөөр оролцсон. Мөн өнгөрөгч сард Азийн хөгжлийн банкны төлөөллүүд манай аймагт ирж ажилласан. Тус банкны хөрөнгө оруулалтаар 2019 онд Хужирт суманд цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлж, Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн эвдрэлтэй байгаа 60 км авто замыг шинээр барьж, Арвайхээр хотын хогны менежментийг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгааг аймгийн Засаг дарга Г.Ганболд онцоллоо.

 

 

 

2019-02-01 17:01:58