Өврийн сайхан хангайн эрхэм хүндэт ард иргэд Та бүхэндээ айлчлан ирж буй 17 дугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын мэндийг айлтган дэвшүүлье. Улиран өнгөрч буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жил Өвөрхангайчууд та бидний хувьд ажил хөдөлмөр ундарсан, амжилт бүтээлээр дүүрэн, буянтай сайхан жил байлаа. Аймгийн хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт иргэд рүүгээ чиглэсэн томоохон ажлуудыг хамтдаа хийж бүтээлээ.
Иргэдээ төрөлх нутагтаа ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхэд анхаарч улс, орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 81.4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдлээ. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд ирээдүй хойч болсон хүүхэд, багачуудынхаа эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгааллыг сайжруулахад хөрөнгө оруулалтын ихэнх хувийг тус салбарт зарцуулж, томоохон ажлуудыг хийж хэрэгжүүллээ.
Эдийн засгийн гол үндэс болсон мал аж ахуйн салбарт хэдийгээр өвөлжилт, хаваржилт хүндэрч малын тоо толгой буурсан ч малчин түмний уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд эдийн засагт үзүүлэх хувь нэмэр нь хэвээр байгааг онцлон тэмдэглье. Шороон гахай жилийн босгон дээр халуунд халж, хүйтэнд хөрч цаг наргүй ажилладаг манай малчдын дундаас улсын аварга малчин 8, аварга саальчин 1, аварга тариаланч 1, аймгийн аварга малчин 74, аварга саальчин 3, аварга тэмээчин 3, аварга тариаланч 3 төрөн гарсан амжилтаар сар шинэтэйгээ золгож байна.
Ирэх шороон гахай жилийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ”Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Тиймээс ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ онд улс, орон нутгийн хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь аймаг, орныхоо хөгжил дэвшлийн ажлыг саадгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Өвөрхангайчууд маань айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх шороон гахай жилдээ эрүүл энх байж, хүн болгонд аз жаргал, ололт амжилт гийсэн, айл бүрийн гал голомт мандан бадарч, заяа буян нь өөдрөг байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ГАНБОЛД