• Албан ёсны цахим хуудас
УИХ-ын дарга Г.Занданшатар: Хууль дээдэлж, хариуцлага сахилга, шударга ёсыг бүрдүүлэх ажлыг парламентаас эхэлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, УИХ-аас гаргаж байгаа хууль тогтоомжуудын талаар танилцуулж, олон түмний санаа бодлыг сонсон, хариулт өгсөн юм. Уулзалтын эхэнд улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлыг тоо баримттайгаар мэдээлж, өсөлттэй байгаа эдийн засгийг цаашид хэрхэн нэмэгдүүлэх, улс орныхоо хөгжил, дэвшил,  ард иргэдийнхээ амьдрал ахуйд бодит хувь оруулсан оновчтой бодлого, шийдвэр, хууль тогтоомж гаргахад парламентаас ямар зорилго зорилт, зарчим баримталж ажиллах талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Тухайлбал хууль дээдэлж, хариуцлага сахилга, шударга ёсыг дээдлэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг парламентаас эхэлж шинэчлэл хийх; парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах; Улсын Их Хуралд тооноос чанарт шилжих хувьсал, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн шууд оролцоог хангах цахим шилжилт хийх; Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах; төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах үндсэн 5 зорилтоо танилцууллаа. Тэрбээр Улсын Их Хурлын танхимыг мэдлэг, тооцоо судалгаа, шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэтгэлцээний индэр болгох ёстой гэж үзэж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа онцлов.

Уулзалтад оролцсон иргэд аймгийн төвийн утааг багасгах, иргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, монгол ёс заншил, урлаг соёлын өвийг уламжлуулах бодлого хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилтийг хуваарилах, чанаргүй дээд сургуулиудын тоог цөөлөх, боловсролын агуулга, стандартыг тогтвортой байлгах, сурах бичгийг нэг мөр цэгцлэх, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн тендерт бага үнийн саналаар шалгаруулдаг нь чанаргүй барилга баригдах нөхцөл болж байгааг зогсоох, ЖДҮ-ийн зээлийн асуудалд орооцолдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг саналыг хэлж байлаа.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар иргэдийн асуултад тодорхой хариулт өглөө.

 

2019-02-27 14:13:26