УИХ-ын дарга Г.Занданшатарыг Өвөрхангай аймагт ажиллах үеэр аймаг, орон нутаг, иргэдийн өмнө нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулж, шийдвэрлэж өгөхийг орон нутгийн удирдлагууд, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд УИХ-ын даргаас хүслээ.
Тэрдундаа Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Баянтээг нүүрсний уурхайд нүүрс угаах үйлдвэр барих /тус уурхайн нүүрс илчлэг сайтай, тортог ихтэй/ Арвайхээр хотод 35 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг гадна шугам, сүлжээний хамтаар БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлон уламжилсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдтэй хийх уулзалтын үеэр Арвайхээр хотод баригдах Дулааны станцын ажлыг энэ онд эхлүүлж, Баянтээгийн уурхайд сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хэлэлцээр хийн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн амлав.
Баянтээг нүүрсний уурхай нь Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор, Дархан, Улаанбаатар, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Эрдэнэт, Завхан, Ховд, Дундговь аймгийн байгууллага, иргэдэд 167.5 мянган тн нүүрс борлуулаад байна. Баянтээг нүүрсний уурхайд нүүрс боловсруулах үйлдвэр баригдсанаар ганц Өвөрхангай бус дээрх аймгуудын агаарын бохирдол тодорхой хэмжээгээр багасна.